Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам сэдэвт уулзалт боллоо
2023.09.20

Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам сэдэвт уулзалт боллоо

Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төсөл болон Европын Холбооны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, Монгол бактриан нийгэмлэгээс хамтран “Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам” сэдэвт ажил хэргийн уулзалтыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Ажил хэргийн уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтөлж, уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Отгонжаргал “Монгол Улсын төрөөс сүүний салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр, Олон улсын худалдааг дэмжих төслийн ахлах эксперт Карл Круг “Монгол Улсад экспортын кластер хөгжүүлэх ач холбогдол, сүү, сүүн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох боломж” сэдвээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн хүрээнд Өмнөговь аймагт ингэний сүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэл хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр, “Монгол бактриан” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам “Ингэний сүүний үйлдвэрлэлийг нэмүү өртгийн сүлжээгээр хөгжүүлэх боломж, арга зам” сэдвээр, ТЭСО группын Экспортын газрын захирал С.Энхбаяр “Ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, арга зам” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга, мэдээлэл хийлээ.

Уулзалтад ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, “Монгол бактриан” нийгэмлэг, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ, МУИС, ХААИС, ШУТИС, Технологийн дээд сургууль, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Витафит милк” ХХК, “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ, “Ингэн тагш” ХХК-ийн болон холбогдох бусад талын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Уулзалтаар Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах, энэ кластерын хүрээнд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагууд үр дүнтэй, харилцан хамтран ажиллахын чухлыг онцоллоо.

Тухайлбал, ингэний сүүний зах зээл нь дэлхийд хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа, үнэ цэнэтэй, цаашид улам өргөжих хандлагатай тухай, ингэний сүүний шим тэжээллэг чанар, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол, Дэлхийн хос бөхт тэмээний өлгий болсон Монгол Улс нь ингэний сүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, оролцогч талууд мэдлэг мэдээллээ харилцан хуваалцах, хамт хөгжих, түүхий эд, бүтээгдэхүүний стандарт тогтоох, бүтээгдэхүүний судалгаа, хөгжлийг дэмжих, хувийн хэвшлүүд гадаад зах зээлд хамтран гарах, экспортын нэг цонхны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Ирэх жил тохиох Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ингэний сүүний кластер байгуулах чиглэлд үе шаттай хамтран ажиллахыг талууд дэмжлээ.