"Шинэ сэргэлтийн бодлого”-ын дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт үр дүнгийн талаар танилцуулав
Монгол Улсын Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймагт ажиллах үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, "Шинэ сэргэлтийн бодлого”-ын дэвшүүлсэн зорилт, хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа.
Хүн амын төвлөрөл жилээс жилд нэмэгдэж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ багасч, барилга байгууламж хуучирч байгаа асуудлыг Засгийн газраас онцгой анхаарч, бэлэн зураг, төсөвтэй таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвөөс эхэлж үе шаттай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Зуунмод сумын багууд руу инженерийн шугам сүлжээ татах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн такси үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтэц шийдэж, цахилгаанаар хангах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, заавал нийгмийн даатгал төлөх бус хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлж байна.
Засгийн газрын нөөцөөс шинэ суурьшлын бүсэд цахилгааны дэд бүтцийг шийдэх хөрөнгө гаргаж, айл, өрхүүдийг цахилгаанд холбогдох боломж бүрдүүлнэ.
Мөн гэр хорооллын инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх төсвийг ирэх оны төсөвт тусгаж өгье. Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хэмжээнд Зуунмод байх ёстой гэж Ерөнхий сайд онцлон хэллээ.