2023.08.29
"Төв түмний сүүн соёл" арга хэмжээг зохион байгууллаа
Монгол Улсын хүнсний хангамжийн гол бүс нутаг Төв аймагчууд Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого, зорилтуудаа тодорхойлон газар тариалангийн бүс нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
2-3 жилийн өмнө бид 80,0 сая литр сүү бэлтгэн нийлүүлдэг байсан бол хоршооллыг дэмжин ажиллаж өнгөрсөн жилээс 100,0 гаруй сая литр сүү зах зээлд нийлүүлэн, иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангахын зэрэгцээ малчид, фермерүүд, баялаг бүтээгчдийн маань орлого, амьжиргаа сайжирч байна.
Энэхүү амжилтаа түгээн дэлгэрүүлэхээр бид 2 дахь жилдээ Монголын Үхэрчдийн нэгдсэн холбоотой хамтран аймагтаа "Төв түмний сүүн соёл" арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.
Сүүн соёлын арга хэмжээнд Төв аймгийн 20 сумын 200 гаруй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвх санаачлагатай оролцож, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ танилцуулан, туршлага солилцож, сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Энэхүү үеэр аймгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа Шинэ хөдөө Төв аймаг төслийн хүрээнд 3 суманд сүүний танк олголоо. Төв сайхан нутагт маань сүү, сааль арвин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.