Барилгын хог хаягдал дахин боловсруулах анхны үйлдвэр 2024 онд ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг дэх шинэ үйлдвэрийн явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр Морингийн даваанд хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж буй.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Улаанчулуутын хогийн цэгийн талбай дүүрч байгаа тул 2024 онд хаагдана. Мөн хог булшилж байгаа арга нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр Морингийн давааны хогийн цэг дэх үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлыг хүлээн авах, боловсронгуй, байгальд ээлтэй аргаар булшлах, боломж бүрдэнэ. Түүнээс гадна барилгыг нураах үед гардаг хог хаягдлыг дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орно. Барилгын хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. Одоо барилгын явцыг шуурхайлах, стандартын дагуу барихад холбогдох байгууллага хяналт тавьж, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн юм.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ:
-Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог байна. Уг үйлдвэр сард 150 мянган тонн хатуу хог хаягдал дахин боловсруулах хүчин чадалтай гэлээ.
Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфил байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалт, угсралтын ажлыг ирэх онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм.