Х.Булгантуяа: Гашуунсухайт боомтын шинэчлэлтийг эхлүүлснээр монгол улсын экспортын хамгийн том гарц болгох боломжтой
2023.03.22

Х.Булгантуяа: Гашуунсухайт боомтын шинэчлэлтийг эхлүүлснээр монгол улсын экспортын хамгийн том гарц болгох боломжтой

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Боомт хариуцсан сайд Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газрын гишүүний хувьд “Шүгэл” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Үүний голлох шалтгаан, ач холбогдлыг та юу гэж тайлбарлах вэ?

-Энэ бол дэлхий дахинд шинэ зүйл биш. Тэр дундаа хөгжсөн улс орнууд “Хүчирхийллийн шүгэл”, “Хүүхэд хамгааллын шүгэл” хэмээн аль хэдийнэ үйл ажиллагаандаа хэрэглэж, дадсан зүйл. Тухайлбал, намайг Австралид дунд сургуульд суралцаж байхад шүгэлтэй байх ёстой гэж бидэнд зөвлөдөг байлаа. Тухайн үед охидын хувьд шүглээ гоёл чимэглэл, бугуйвч болгон зүүж хэрэглэдэг байв.

Улмаар хүчирхийллийн ямар нэг нөлөөнд орохоосоо өмнө шүглээ үлээдэг жишиг тогтсон. Үүнээс шалтгаалж тус төслийг хэрэгжүүлсэн улс оронд хүүхдийн хүчирхийлэл эрс буурсан юм. Тэр утгаараа энэхүү төсөл нь монгол хүүхдүүдийн хувьд маш их ач холбогдолтой. Өнөөдөр бид хүүхдийг хүчирхийлэлд өртөж, осол аваарт орсных нь дараа хамгаалахаас илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудалд анхаарах нь чухал.

Бидний нэг алдаа байна. Тэр нь эцэг, эх, хүүхдүүдэд өгч буй мэдээ, мэдээллийг харахад дандаа аюулд өртсөнийх нь дараа хүүхдээ хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг зүйлийг ярьж байна. Бид хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхэд хамгааллын тусгайлсан бүтэцтэй болж, 2018 оноос төсөв суулгаж эхэлсэн. Түүнчлэн хүүхэд хамгааллын цагдаатай болсон гэх зэргээс харвал энэ асуудалд ахиц дэвшил гарч байгаа ч хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудал байсаар байна.

Дээр нь хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал нийгмийн эмзэг сэдэв болж харагддаг. Монголд ядуурал, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл их байна. Тэр утгаараа хүний ёс зүй хэт алдагдсан зэрэг үр дагавраас болж хүүхдийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийн хүчирхийлэлд нөлөөлдөг суурь шалтгаанууд засагдана хэмээн зүгээр хараад сууна гэж байхгүй. Хэрвээ тэгвэл хүүхдүүд үе үеэрээ, хэдэн мянгаараа хохирно. Тэгэхээр хүүхэд хамгааллын тогтолцоог осол, аваар, хүчирхийлэл, аюулд өртөхөөс өмнө хүүхдийг хамгаалж, аюулд өртсөний дараа ч үргэлжлүүлэн хамгаалдаг байдлаар бий болгох шаардлагатай. Хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгохын төлөө төсөв, санхүү төрийн бодлого ч чиглэгдэх ёстой.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт сул байна гэсэн үг үү?

-Хүүхэд хамгааллын тухай хуульд НҮБ-ын хүүхдийн сангаас үнэлэлт хийсэн байдаг. Дүгнэлтээр Хүүхэд хамгааллын тухай хууль харьцангуй сайн ч хэрэгжилт дээр нь хүн хүч хүрэлцэхгүй байгаа талаар дурдагдаж байсан. Нөгөөтэйгүүр хүчирхийлэлд өртсөн хүүхэд хаана, хэрхэн хандахаа мэдэхгүй байна. Хүүхэд хамгааллын 108 дугаарын утас руу дуудлага өгдөг нь сүүлийн хэдхэн жилийн хугацаанд л бий болсон тогтолцоо.

Товчхондоо өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийн асуудал маш хүнд болсон. Тиймээс хүүхэд бүрийг шүгэлтэй болгох төслийг санаачилж буй юм. Илрэл нь аль болох энгийн, хямд өртөгтэй байх нь хүүхдүүдэд тохиромжтой гэж бодож байна. Үүнийг заавал төр засгаас хангаж өгөх ёстой гэж бодолгүй эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ авч өгч, хэрэглүүлж сургаасай гэж хүсч байна. Нөгөөтэйгүүр шүглийг зөв хэрэглэх тал дээр бид анхаарах шаардлагатай. Тиймээс сургалтуудыг сайн дурын байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргээс эхлэн сургах ажлыг сургууль бүрд зохион байгуулах гэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улс хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн, төрийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч манай улсад хүүхэд хамгаалал нэн чухал асуудал хэвээр байна гэсэн үг. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр олон улсын хүүхэд хамгааллын практикт түгээмэл хэрэглэдэг "Шүгэл" үлээх арга хэрэгслийг орон даяар хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргээс ийн эхлүүллээ.

-Нөгөөтэйгүүр эцэг, эх, хүүхдүүдийн харилцааг энэ чиглэлд илүү уялдаа холбоотой байлгах нь зөв юм биш үү?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэйгээ эцэг, эхчүүд хэрхэн харьцахаа ч мэддэггүй гэх судалгаа гарсан байна лээ. Ихэнхдээ юу ч ярихгүй бол хүүхэд маань удахгүй мартана гэж боддог. Энэ бол бидний энгийн хандлага. Гэтэл хүчирхийлэлд өртсөн хүүхэд хэзээ ч үйл явдлаа мартдаггүй. Тиймээс өөрт тулгарсан асуудлаа эцэг, эхтэйгээ ярихаас төвөгшөөж байвал сэтгэл зүйчид ханддаг тогтолцоог бий болгох ёстой.

Дэлхий даяар хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 70-аас 80 хувь нь таньж, мэддэг хүнийхээ гарт хүчирхийлүүлсэн байдаг. Энэ тохиолдолд хүртэл эцэг эхчүүд нь хоорондоо муудалцаж, гэр бүл салах тохиолдол цөөнгүй. Үүнээс үүдэн хүүхэд давхар сэтгэл гутралд орж, надаас боллоо гэж өөрийгөө үргэлж буруутгадаг. Тэгэхээр энэ бүгдийг Монголд эцэг эх, хүүхэдтэй нь ч ажиллаж, урьдчилж хамгаалдаг, олон нийтийн соёл дадал болгож байж хүүхдийн эрхийг бид хамгаална.

-Тантай уулзсаных боомтын сэргэлтийн талаар асуулгүй өнгөрч болохгүй. Боомтуудыг шинэчлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Боомтын сэргэлт бол Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт бичигдсэн асуудал. Яагаад гэвэл манай улсын уул уурхайн компаниуд жилд 120 гаруй сая тонн нүүрс олборлож, үйлдвэрлэж, экспортолж чадна гэж хэлж байгаа. Тэгвэл энэхүү олборлолтыг хүссэн хэмжээгээр гаргаж чадах уу гэх асуудал боомтуудын хүчин чадлаас шууд хамаарна.

Орос, Хятадын талын хилийн боомтуудад бараг хот суурин сүндэрлэсэн байдаг. Гэтэл манай хилийн боомт гэж дээр үеийн багийн байр шиг байранд төрийн албан хаагчид нь амьдарч, ажил хийж Монгол Улсын төсвийг бүрдүүлж сууна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхай эзэлдэг. Хэрвээ бид боомтын асуудлыг шийдвэрлэхгүйгээр өнөөгийнх шиг тээвэр логистик хөгжихгүй, ийм өндөр үнээр, ярвигтай байдлаар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирсээр байвал дотоод зах зээл дэх нэгж барааны үнэ буурахгүй.

Дотоодын үйлдвэрлэл, эдийн засаг ч хөгжихгүй. Нөгөөтэйгүүр бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тиймээс ямар нэгэн зүйлийг гаднаас авах болоход түүний үнэ нь шингээд л ороод ирдэг. Үүнийг бид саяны цар тахлын үед маш их анзаарлаа. Үүнтэй холбоотойгоор боомтын сэргэлт Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүн зэргийн бодлого болсон. 2017 оноос эхлүүлэн эдийн засгаа сэргээхэд хамгийн их саад тушаа болсон асуудал нь боомтын сэргэлт байсан. Импортлогч улсаас үйлдвэрлэгч улс болъё гэвэл хилийн боомтуудаар төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг оруулж, мөн экспортолж чаддаг байх ёстой.

Саяхан нүүрсний экспорттой холбоотой бүх нийтийн сонсголд УИХ-аас боомтын дэд бүтцийг сайжруулах, автоматжуулах, камержуулахгүйгээр бид хулгайтай тэмцэхгүй гэдгийг тодорхой харлаа. Нийгэмд боомт дээр хэсэг бүлэг хүмүүс баахан мөнгө авч аливаа бараа, бүтээгдэхүүнийг оруулж, гаргадаг гэсэн ойлголттой байна. Хэрвээ боомтууд камержиж, илүү их нээлттэй, гаалийн бүрдүүлэлт ил тод болчихвол авлигын асуудал багасах боломжтой. Тэр утгаараа одоо “gaali.mn” дээр иргэн та өөрийн бараа бүтээгдэхүүнийг бүрдүүлэлт хийн гаргаж болдог болсон.

Ялангуяа нэг төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж буй компанийн жолоочид өөрсдөө гар утсан дээрээ “gaali.mn” дээр бүрдүүлэлт хийчихдэг болсон. Хуучин бол бүрдүүлэлтийн зуучлалын компанид мөнгө өгч хийлгэдэг байсан. Харин бидний хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээний үр дүнд хэдхэн сарын хугацаанд 100 гаруй сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл дундын зуучлалд мөнгө өгөх шаардлагагүйгээр иргэн өөрөө бүрдүүлэлтээ хийдэг болсон.

-Тээвэрлэлтийн хувьд ямар шинэ технологи, бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн бэ?

-Гэрээний нэгдсэн системийг гаалийн шуурхай штабын төв дээр системчлэн бий болгосноор томоохон боомтуудаар гарч буй машины дугаарыг камераар хардаг болсон. Ингэснээр тухайн машин ямар компанид нүүрс тээвэрлэхээр гэрээ хийсэн, хаана зогссон, хэдэн тонн нүүрс гаргасан зэрэг тооцооллыг хийж чаддаг болсон. Ингэж байж авлига хээл хахууль, хил дээр үүссэн хүмүүсийн дургүйг хүргэсэн, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг, хулгайгаар Монгол Улсын баялаг гардаг асуудалтай тэмцэнэ.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд жишиг болохуйц терминалыг шинээр бий болголоо. Тухайлбал, Замын-Үүдийн зорчигч тээврийн терминал. Удахгүй ачаа тээврийн терминалууд ашиглалтад орох гэж байна. Үүнийгээ дагаад бүх дэд бүтцийг шинэчилж байгаа. Гашуунсухайт боомтын зарим нэг шинэчлэлтийг ирэх сарын 1-нээс эхлэх гэж байна. Ингэснээр тус боомт Монгол Улсын экспортын хамгийн том гарц болно. Энэ боомт автомажиж, ухаалаг гаалийн бүрдүүлэлттэй холбогдсоноор нүүрсний хулгай гэх зүйл гарах үүд хаалгыг хааж байна гэсэн үг.

Замын-Үүд бол барилгын материал орж ирдэг гол боомт. Тиймээс барилгын материалын маш том лаборатори баригдаж байгаа. Орж ирж буй барилгын материал дээр хяналт тавьдаг болсноор чанартай, аюулгүй барилгад амьдрах тогтолцоог бий болгох юм. Гаалийн шинэчлэлт 2017 оноос эхлэн хийгдсэний үр дүнд бид олон боомт дээр камержуулалт, рентген машинуудыг шинэчилж тавьж байна.

-Импортын бүтээгдэхүүний дийлэнх нь Замын-Үүд боомтоор орж ирж байгаа. Ер нь Монгол Улс нэг боомтоос хамаардаггүй олон гарц, үүд хаалгатай байх чиглэлд хийсэн ажлууд юу байна вэ?

-Энэ бол хамгийн чухал сэдвүүдийн нэг. Өнөөдөр яагаад Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор хүмүүс маш их бухимдалтай орж гардаг вэ. Замын-Үүд, Алтанбулаг боомт зорчигч тээврийг тэр чигт нь даан авдаг. Түүнчлэн Алтанбулаг боомт ОХУ-аас орж ирж буй ачаа тээврийн ихэнхийг, БНХАУ, гуравдагч орноос орж ирж буй машинууд Замын-Үүдийн боомтоор орж ирдэг. Түүнчлэн экспортод уул уурхайн зарим бүтээгдэхүүнүүдийн 60 гаруй хувийг Гашуунсухайт боомтоор гаргадаг.

Гэтэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Гашуунсухайт боомт дээр бараг ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Арав гаруй жилийн өмнө гадны зээл тусламжаар сэндвичин байшин барьсан нь одоо ч хэвээрээ л байгаа. Тэндээс Монгол Улсын экспортын 60 гаруй хувь, улсын төсвийн бүрдүүлэлтийн ихээхэн хувь хамаардаг. Шивээхүрэн боомтод мөн адил, хувийн хэвшил нь төрийн байгууллага ажилладаг хяналтын оффисын байр барьж өгсөн. Яг түүгээрээ л байгаа.

Тиймээс боомтуудын шинэчлэлт, сэргэлтийг бид цаг алдалгүй хийх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдэж, улмаар үр дүн нь бодитой мэдрэгдэж эхэлсэн. Цаашид бид энэ чигийн ажлуудыг илүү чанартай явуулсаар байх болно. Тэгэхээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боомтуудын бүтээн байгуулалтыг заавал төрөөс хийх албагүй. Зарим боомтуудаар 5-6 компани экспорт хийж байгаа учраас орц, гарцаа сайжруулж, талбайгаа засч, камержуулалтаа хийх бүрэн боломжтой. Харин стандарт, бодлогыг нь төрөөс гаргаж өгөх ёстой.

Учир нь бид өөрсдөө хяналтаа тавихгүйгээр боомтын хөгжлийг ярих боломжгүй. Тэгэхээр энэ бүгдийг бид бодлогын хүрээнд авч үзэхгүй бол болохгүй. Нөгөөтэйгүүр бид аялал жуулчлалыг идэвхтэй дэмжинэ гэж ярьж байгаа. Гэтэл хилийн боомтуудаа бид зөвхөн бараа бүтээгдэхүүн экспортолж, импортоор авдаг гэсэн ойлголттой байна. Өөрөөр хэлбэл бужигнасан нүүрстэйгээ хамт гадны жуулчдыг хилээрээ оруулах асуудал хөндөгдөж байна гэсэн үг юм. Тэгэхээр бид зорчигч тээврийн терминал болон аялал жуулчлалыг татах тал дээр боомтуудыг хөгжүүлэх бодлогыг давхар авч явах ёстой. Тэр утгаараа энэ чиглэлд бид олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, боомтуудын шинэчлэлийн хүрээнд шинээр зураг төслүүдийг бэлдүүлж байна

-Дорнод, Баян-Өлгий, Увсад байрших хилийн боомтуудыг хэрхэн амь оруулах вэ, сайд аа...?

-Боршоо боомтын ажил аль хэдийнэ Азийн хөгжлийн банкны төслөөр ашиглалтад орчихсон. Боршоо боомтын Оросоос маш олон иргэд ирж машинаа засуулж, эмнэлгийн үйлчилгээ авдаг, ийм цэг болсон байна. Энэ бол Увс аймгийн эдийн засагт маш хүчтэй нөлөөлөхөөр байгаа юм. Боршоо боомтын ажил 100 хувь хийгдэж дууссан. Алтанбулаг боомтын ачаа тээврийн терминал дууссан, зорчигч тээврийн терминалын барилгын ажил энэ зун, оройтлоо гэхэд ирэх намар дуусна. Гашуунсухайт боомтын ажил дөрөвдүгээр сард эхэлж ирэх намар дуусах юм. Энэ жилийн хугацаанд олон боомтуудын шинэчлэл явагдана.

Булганы боомт гэхэд хувийн хэвшил нь бид шинээр орц, гарц гаргах энэ бүх ажлыг хийхэд бэлэн байна гэсэн. Олон улсын байгууллагуудын зүгээс “Энэ хамгийн зөв бүтээн байгуулалт байна. Монгол Улс шиг далайд гарцгүй, хоёрхон улстай хиллэдэг ийм улс орон бол орох гарах гарцуудаа нэмэгдүүлж байж, олон газраас бараа бүтээгдэхүүнээ татаж, олон газарт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Тэгэхээр үнийн хувьд ч өрсөлдөөнтэй болох учраас энэ нь зөв хөрөнгө оруулалт байна” гэж Азийн хөгжлийн банкны зүгээс дараагийн төслүүдийг санхүүжүүлэхээр болсон. Бид бүх урьдчилсан тооцоо судалгааг хийсэн, төсөл нь 2023, 2024 оноос хэрэгжихээр хүлээгдэж байна.

-Боомтууд “амьгүй” байдгийн шалтгааныг та юу гэж харж байна. Дэд бүтэц хөгжөөгүйгээс болж байгаа гэж үзэх үү?

-Ер нь бол дэд бүтэцтэй холбоотой. Засгийн газрын зүгээс улсын төсөв, эдийн засаг хүнд байсан ч боомтуудаа авто замаар холбох бодлогыг тууштай барьж байна. Хилийн боомтуудад хэдий гоё байшин барьсан ч муу замтай бол бараа бүтээгдэхүүн гарахгүй, аялал жуулчлал хөгжихгүй шүү дээ. Тиймээс бүх боомтыг авто замаар холбох чиглэлд тодорхой санхүүжилтийг улсын төсвөөс, заримыг нь концессаар хийхээр байгаа. Зарим ажлыг нь олон улсын байгууллагын санхүүжилтээр ч хийхээр байна. “Ковид-19” цар тахлын үед их амаргүй байлаа.

Ажил эхэлсэн ч компани нь ажлаа хөл хорионоос болоод эхэлж чадахгүй, бараа материал нь орж ирэхгүй зэрэг хүндрэлүүд гарсан. Одоо энэ хавраас замын ажлууд эрчимжихээр байна. Нэгдүгээрт, замуудаа тавьж, хоёрдугаарт, үүнтэйгээ зэрэгцүүлэн барилга байгууламжаа сайжруулна. Гуравдугаарт, манай маш олон боомт нөгөө талаасаа цахилгаан эрчим хүчээ авдаг, 100 хувь шууд хамааралтай гэж ойлгож болно. Хэрэв эрчим хүч өгөхгүй шууд хаавал манай улсын боомт хаагдана л гэсэн үг. Тэгэхээр эрчим хүчний хувьд хараат бус болгох хүрээнд Эрчим хүчний сэргэлтийн бодлоготой уялдуулан авч явах ёстой гэсэн бодлогыг барьж байна.