Б.Баттөмөр: Ёс зүйн байнгын хороо гишүүдийн ажил тасалсан, архи уусан асуудлыг л хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн, Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Энэ парламентын долоон гишүүн нүүрс, дөрвөн гишүүн Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан. Энэ гишүүдийн асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэх үү?
-Монгол Улсын Үндсэн хуульд хүний гэм буруутайг шүүх тогтооно гэж заасан. Хууль хяналтын байгууллагаас нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татсан ч энэ хүмүүсийг гэм буруутай гэж үзэхгүй, шүүх тогтооно. Хөгжлийн банкны 4, нүүрсний хэрэгт холбогдсон зургаа, долоо гээд нийт 10 гаруй хүний асуудал байна. Энэ хүмүүсийн гэм буруутайг шүүх тогтоосны дараа ёс зүйн асуудлыг ярьж болно. Манай байнгын хороо УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг манай байнгын хороо авч хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй.
-Тэгвэл ямар тохиолдолд танай байнгын хороо хэлэлцэх юм бэ?
-Манай байнгын хороо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг давхар шалгахгүй. Хууль хяналтын байгууллага шалгаагүй, ёс зүйн холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой. Хуралдаа суухгүй, биеэ зөв авч яваагүй, архи уусан ч гэдэг юм уу гишүүдийн асуудлыг хэлэлцээд гурван арга хэмжээ авах хуультай.
Нэгд, сануулах, хоёрт, уучлалт гуйхыг шаардах, гуравт, цалингийн 20 хүртэл хувиар торгох гэсэн гурван арга хэмжээ л авна. Түүнээс манай байнгын хороо гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс эгүүлэн татуулах ямар ч эрхгүй. Харин Их хурлын гишүүний эрхийг түдгэлзэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд, Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа оруулдаг. Ингээд Их хурлын нэгдсэн чуулганаар хаалттай хэлэлцэж, нууцаар санал хураадаг хуультай.
Шүүхийн эцсийн шийдвэр буюу Дээд шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдана.
-Тэгвэл 900 гаруй иргэн УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг эгүүлэн татах өргөдлийг танай байнгын хороонд хүргүүлсэн гэсэн. Үүнийг хэлэлцэх боломжгүй гэсэн үг үү?
-Нэгд, Ч.Ундрам гишүүний гэр бүлийн асуудал Иргэний шүүх дээр явж байгаа юм билээ. Гэр бүл салгана гэдэг шүүх хурал хийгээд л салгачихдаггүй юм байна. Эвлэрэх хугацаа өгдөг. Энэ хугацаандаа эвлэрэхгүй бол салгана. Хоёрт, Ч.Ундрам гишүүний гэр бүлийн хүн Наранцацралт хүүхдийн эрх чөлөөнд халдсан гээд Эрүүгийн цагдаагийн газар гомдол гаргасан юм билээ. Түүн дээр нь эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа юм байна. Тэгэхээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудлыг манай байнгын хороо шалгахгүй. Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарсны дараа л манай байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэнэ.
Олон нийт манай байнгын хороог ямар ажил хийж байна гэдэг. Бид Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад, ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд таван аймагт хэлэлцүүлэг хийсэн. Ирэх 7 хоногт дахин нэг хэлэлцүүлэг хийгээд, УИХ-д өргөн барьж, энэ хаврын чуулганаар батлуулна.
-Тэгвэл хүнд авлига өгөөд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа Их хурлын гишүүдийн асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй юм байна. Үүнийг өөрчилж болдоггүй юм уу?
-Гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгана. Хууль хяналтын байгууллага шалгаад гэм буруутай нь тогтоогдвол татагдаад явна. Гэм буруугүй гээд цагаадаад ороод ирвэл манай байнгын хороогоор хэлэлцэх эрх зүйн орчин нээлттэй.
-Ярилцсанд баярлалаа.