Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ажиллана
2023.03.16

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ажиллана

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны (2023.03.15) өдрийн хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай болон тус байнгын хороогоор 2023 оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Ингээд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулахаар товлож, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Тогтоолоор, нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатыг томилсон юм.

Одоо ажиллаж байгаа Үндэсний зөвлөлийн 2017 онд томилогдсон зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдийг томилоход нэр дэвшигчийн сонсгол товлон явуулахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг.