2023.03.03
Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт болж байна
НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комиссын /UNESCAP/ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт” 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтаж хийж буй ажлын нэг юм. Чуулганаар агаарын бохирдлыг бууруулж чадсан орнуудын сайн туршлага, технологийн шийдлийг бусад улс, оронд хуваалцаж, барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, эрчим хүчний эх үүсвэрийн ашиг тус болон хүн амын эрүүл мэндийг сайжруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал зэрэг сэдвийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлууд, тулгарч буй асуудлуудыг танилцуулах юм.
Чуулганд 53 орны 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Зөн Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нар оролцож байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn