Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ
2023.02.16

Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэллээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож Монгол Улсын Их Хурлаас хууль зүйн салбарт баримталж байгаа бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж үг хэллээ.

Уг зөвлөгөөнд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд болон Улсын ерөнхий прокурорын газрын газар, хэлтэс, албаны дарга, ахлах прокурорууд оролцсон бөгөөд бусад прокурорын газруудад зөвлөгөөний үйл ажиллагааг цахимаар шууд дамжууллаа. Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2 сарын 13-наас 15-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд 2022 онд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлого чиглэл болон хяналтын ажилд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, гарц шийдлийг хэлэлцэж байна.

Прокурорын байгууллагын бусад төрийн байгууллагаас ялгагдах нэг онцлог бол прокурор бүр хууль хэрэглэж, тус бүрдээ шийдвэр гаргах бүрэн эрхтэй субьект байдаг явдал юм. Ийм учраас Үндсэн хуульд тунхаглан заасан “шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг прокурор нэг бүр үйл ажиллагаандаа сахин мөрдөж, хараат бусаар ажиллаж чадаж гэмээнэ Монгол Улсын Прокурорын байгууллага Үндсэнд хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлнэ. Төрөөс, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас ард иргэдийн хүсэн хүлээж, шаардаж байгаа зүйл бол Шударга ёсыг нэг мөр сахиулах, Хуулийн засаглалыг бүрэн тогтоох, Хууль алагчлалгүй тэгш үйлчлэх явдал юм. Ямар ч улс төрийн нам эвсэл сонгуульд ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн ч зөв тогтолцоо, шударга, хараат бус төрийн албан хаагчид ажиллаж хуулийг хэлбэрэлтгүй сахиулж байх нөхцөлд дур зоргын, ёс зүйгүй, шударга бус байдал оршин тогтнож чадахгүй.
Иймд прокурорын байгууллага нь нийгмийн шударга ёсны нэг хэмжүүр болдгийнхоо хувьд шийдвэр гаргахдаа, хуулийг хэрэглэхдээ, хуулийг хэрэгжүүлэхдээ төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох Шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэхийг цаг ямагт тунгаан бодож, хичээн ажиллах нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлаас прокурорын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоох тухай тогтоолыг 2021 оны 07 сарын 07-ны өдөр 72 дугаар тогтоолыг баталсан. Цаашид ч прокурорын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын цалин хөлс, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах, энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах чиглэлд Улсын Их Хурал анхаарч ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn