Г.Занданшатар: Газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох явдал чухал байна
2023.02.07

Г.Занданшатар: Газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох явдал чухал байна

Төрийн ордонд өнөөдөр (2023.02.06болж буй Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай болон Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг толилуулж байна. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд, олон нийтийн төлөөлөл 400 гаруй хүн оролцож байна.

 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020-2024 онд эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай долоон хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлээд байна. Байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд иргэний нийгмийн, орон нутгийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн бодлого хэрэгжүүлдэг бүхий л инцтитуцийн хүрээнд Газрын тухай хуулийн хэлэлцүүлгийг сайтар зохион байгуулах чиглэл өгсөн. Учир нь газар бол улсын үндэс юм.

Газар шороогүй бол эх орон, тусгаар тогтнол гэж үгүй. Тийм учраас нэгдүгээрт, газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох явдал чухал. Хоёрдугаарт, газар бол эдийн засгийн харилцааны суурь, өмчийн харилцааны үндэс юм. Гуравдугаарт, хүн, нийгмийн харилцааны үндэс суурь ч болно. Энэ бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох суурь харилцааг зохицуулдаг чухал хууль юм.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бираагийн Чимид “Монгол Улсын Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлсэн. Тийм ч учраас Үндсэн хуулийн бүхий л харилцааг бид хуульдаа суулгаж баталгаажуулах ёстой. Энэ ч утгаараа манай улсын газар шороо, түүний дээрх болон доорх баялаг, газартай холбогдсон бүхий л харилцааны суурийг бид Үндсэн хуульдаа баталгаажуулсан байдаг.

Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, ан амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Мөн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан.

Түүнчлэн газрын доорх баялаг буюу стратегийн орд газар, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй оногож байхаар заасан. Энэ бол Үндсэн хуулийн нэг хэсэг. Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд газар, түүний хэвлийн баялаг бол төрийн нийтийн өмч буюу нийт ард түмний өмч байхаар, харин төрийн өмч гэдэг газар дээрх байгууламж, байшин барилга нь байхаар заасан.

Тухайлбал, Төрийн ордон бол төрийн өөрийн өмч юм. Тийм учраас төрийн өөрийн өмчийг хэрхэн ашиглах, хувьчлах гэх мэт асуудлыг Засгийн газрын түвшинд боловсруулж Улсын Их Хурлаар оруулж батлуулна. Харин төрийн нийтийн өмчтэй холбоотой харилцааг заавал Улсын Их Хурлаар шийдвэрлүүлж байхаар тусгасан.

Энэ бүхэн ард түмнээс эх сурвалжтай төрийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх тухай заалт юм. Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалт бол үндсэндээ төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байна гэсэн агуулгатай. Тэгэхээр ийм эрх мэдлийг хүлээн авсан төр нийгмийн баялаг болох газрыг хуульд заасан тусгай дэг журмын дагуу нийт улсын ашиг сонирхлын үүднээс, эдийн засаг, зах зээлийн чөлөөт харилцааг дэмжих үүднээс ашиглах, захиран зарцуулах боломжийг тодорхойлсон гэж ойлгож болно.

Газар бол эдийн засгийн харилцааны суурь баялаг. Хүний амьдралын ч чухал үндэс. Энэ утгаараа газрын харилцаа нь хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал харилцаа юм.

Монгол Улсын нийт газар нутгийн 72.9 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, газар тариалангийн газар байна. 16.7 хувь нь улсын тусгай хэрэгцээний буюу тусгай хэрэгцээнд авсан газар байна. 0.6 хувь нь хот тосгон бусад суурины газар эзэлж байна. Мөн хөдөө аж ахуйн газрын 96.1 хувийг бэлчээрийн газар эзэлж, үлдсэн хувийг газар тариалан, хадлан, атаршсан газар эзэлж байна. 

Манай улсын эдийн засгийн голлох салбаруудын нэг болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд газар, түүний хэвлийд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Ийм учраас газрын зохицуулалт, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэн өөрчлөх нь манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой.

Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлого ч гэсэн үүнтэй холбоотой. Хөдөө, орон нутагт газрын харилцааны эрх мэдлийг зөв зохицуулаагүйгээс Улаанбаатарт төвлөрөл үүсэж, түүнийг дагаад түгжрэл үүсэж байна. Сая би хөдөө, орон нутгаар явж ажиллахдаа олон малчидтай уулзлаа. Хөдөөд бэлчээрийн газрын татварын хэлбэрээр хоногийн татварыг оторчид, нүүдэлчдээс авдаг жишиг тогтсон байна. Энэ нь нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд хүндрэл учруулж байна.

Цаашдаа нүүдлийн мал аж ахуйд газрын болон бэлчээрийн харилцааг яаж зохицуулах вэ гэдэг бол газрын харилцааны нэгэн чухал үндэс болно. Нүүдлийн мал аж ахуй эрчимжих бололцоогүй бол нүүдэлчин малчдын нүүж, суух газрын харилцааг зөв зүйтэй зохицуулах шаардлагатай болно. Олон залуу малчид энэ газры харилцааны болон мал аж ахуйн хүндрэлээс болж хот руу шилжиж, гадагшаа явахыг хүсэх болсон байна. Малчдын залгамж тасарч байна.

Энэ бүхнийг бодоход нүүдлийн соёл иргэншил, нүүдлийн мал аж ахуйтай уялдсан газрын харилцааны цогц шийдэлгүй бол цаашдаа хөдөө орон нутаг эзгүйрэх, бэлчээр ус доройтох байдал улам нэмэгдэх том эрсдэлүүд бас бий болж байна гэж ярьж байна.

Газрын хууль бол иргэн бүхэн, аж ахуйн сегмент, салбар болгонд хамаатай хууль юм. Ийм ч учраас Газрын багц хуулийн төслийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн, олон талт оролцоог ханган сайтар хэлэлцэж батлах ёстой. Аймаг, орон нутгийн удирдлагуудаас Газрын хуулийг ингэж баталж болохгүй гэсэн маш их санал, шүүмжлэлүүд ирж байна.

Аймаг болгон цаашдаа хэлэлцүүлэг хийж, саналыг нэгтгэн авах нь зүйтэй. Ийм учраас одоо Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаас өмнө иргэд, олон нийтээр болон аймаг, орон нутагт хэлэлцүүлэх, тэдний оролцоо, саналыг тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Газрын харилцаатай холбоотой олон тулгамдсан асуудлыг бид нэрлэж болно. Эдгээр асуудлууд нь үндсэндээ Газрын тухай хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, уялдаа холбоо алдагдсанаас үүссэн гэж хэлж болно. Судалгаагаар Газрын тухай хууль өөрөө зөрчилтэй байна. Мөн газрын харилцааг салбарын хуулиудаар салган зохицуулж байгаа талаар дүгнэлт гарсан.

Ашигт малтмалын, Тариалангийн тухай газрын харилцааг тусдаа зохицуулсан гэх мэт салбар болгоны хуульд тусад нь зохицуулсан байгаа нь өөр хоорондоо зөрчил, хийдэл ихтэй байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нийт 60 гаруй хуульд газрын талаарх зохицуулалт тусгагдаж,  зургаан яаманд газрын бүртгэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын эрх олгох зохицуулалтыг бий болгосон байна. Дээр нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газрын харилцааны зохицуулалтын асуудал давхардал, хийдэ ихтэй байна.

Яамдын чиг үүргийн давхцал, яамд болон орон нутгийн удирдлагын уялдаа холбоо, газар эзэмшигч иргэд аж ахуй нэгжийн эрх зөрчигдөх явдал түгээмэл болсон. Үр дүн нь эмх цэгцгүй, төлөвлөлтгүй газар олголт, үр дүнгүй төлөвлөлт. Энэ бүхэн одоо Улаанбаатарын түгжрэл, төвлөрлийг үүсгэж, хөдөө аж ахуйн хөгжил саарч байгаагийн цаад шалтгаануудын нэг болж байна гэж үзэхэд хилсдэхгүй.

Ганцхан жишээ дурдахад л Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн уялдаа холбоо муугаас Зайсан, Богд-Уул гэх мэт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг замбараагүй олгох, хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлөх эмх замбараагүй бүтээн байгуулалт нь эцсийн дүндээ дэд бүтэц, ус хангамж, төвлөрөл, түгжрэлийн нэг шалтгаан болж байна. Одоо нийслэл, дүүргүүдэд баригдаж байгаа бүх шинэ хорооллууд дээр сургууль цэцэрлэг, нийгмийн дэд бүтцүүдийн төлөвлөлт хийгдээгүйгээс болоод өнөөдөр Улаанбаатар хотод түгжрэл үүсэх нэг нөхцөл болж байна. Хүүхдээ сургуульд өгөхөөс өглөөний түгжрэл эхэлдэг.

Ийм учраас Газрын багц хуулийн шинэчлэл бол нэгдүгээрт, энэхүү хууль тогтоомжийн хийдэл, зөрчлийг арилган, уялдаа холбоог сайжруулахад чиглэх ёстой. Аливаа хууль эрх зүйн зохицуулалт тодорхой байх тусам түүний нэг мөр хэрэгжилт сайжирна. Ойлгомжгүй байдал, маргаан, зөрчлөөс үүдэх үр ашиггүй зардал гарахаас сэргийлэх нь эдийн засгийн ч ач холбогдолтой.

Энэ хүрээнд газрын эрхийг Иргэний хуулийн суурь зохицуулалттай нийцүүлэн, эрх үүргийг тодорхой ойлгомжтой болгох хэрэгтэй. Газрыг иргэн хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаагаар ашиглуулах, түүнээс үүсэх үр дагаварын зохицуулалтыг нэг мөр болгож тодорхойлох нь чухал.

Сүүлийн 10 орчим жил захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн нийт хэрэг, маргааны 23 хувийг зөвхөн газрын маргаан эзэлж байна. Иймд цаг хугацаа алдаж, зардал их гаргасан ийм маргаан, зөрчлөөс уррьдчилан сэргийлж, хууль хоорондын зөрчлийг арилгах нь газрын харилцааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд үр нөлөөтэй байх болно.

Хууль тогтоомжийн зөрчил, хийдэл, ойлгомжгүй байдал өөрөө хүнд суртал, чирэгдэл, авилга, хээл хахуулийг төрүүлдэг, өдөөдөг. Иймд газар олголт, шилжүүлэлт, бүртгэлийн нарийвчилсан процессийг маш тодорхой байдлаар хуульчлах нь эхний алхам болно. Мөн эдгээр үйл ажиллагааг цахим системээр ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй, олон нийтийн хяналттай зохион байгуулах эрх зүйн орчинг бий болгосноор газрын харилцаанд хүнд суртал, авилгыг бууруулах дорвитой шинэтгэлийг бий болгож хэрэгжүүлнэ гэж үзэж байна.

Хоёрдугаарт, газар бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой суурь харилцаа юм. Иймд газрын талаар нэгдмэл, тогтвортой бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналттай байх зохицуулалтыг цогцоор нь Газрын багц хуульд тусгах нь чухал байна. Газрын бодлого, төлөвлөлтийн хүрээнд хөдөө орон нутаг болон хот суурин газрын тулгамдаж буй асуудал харилцан адилгүй байна.

Хот суурин газрын хувьд газрын нэгдсэн төлөвлөгөө, хот байгуулалт, дэд бүтэц, салбар хоорондын бодлогын уялдаа алдагдсанаас Улаанбаатар хот маань иргэдэд ээлгүй, түгжрэлтэй, хэт төвлөрсөн, үүнийгээ дагаад орчны бохирдол, агаарын бохирдол гэх мэт асуудлууд хуримтлагдсан, ийм таагүй нөхцлийн үүр болоод байна.

Тиймээс асуудлыг шийдэхэд газрын нэгдсэн төлөвлөлтөөр салбар хоорондын уялдааг хангахаас гадна газрын зохистой үнэлгээ, газрын төлбөрийн оновчтой бодлогыг хөшүүрэг болгон ашиглах бололцоотой юм. Газрын татвар хураамж Улаанбаатар хотод ямар байх, хөдөө орон нутагт ямар байх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад энэ шийдлийг яаж ашиглах гэх мэт бодлого хүнтэй уялдах ёстой. Үл хөдлөх хөрөнгийн асуудлууд байна.

Хөдөө орон нутгийн хувьд нэн тулгамдаж буй бас асуудал бол бэлчээрийн ашиглалт, доройтлын асуудал. Эдийн засгийн ухаанд tragedy of commons буюу нийгмийн хөрөнгийн эмгэнэл гэсэн нэг ойлголт байдаг. Товчоор хэлбэл, оноосон хямгадах эзэнгүй нийтийн баялаг бол доройтож муудахыг хэлдэг онол байдаг.

Үүний нэг тод жишээ болоод байгаа манай улсын бэлчээрийн талаар ашиглалт, хамгаалалтын шинэ зохицуулалтыг нүүдлийн өв соёлтойгоо уялдуудан зөв зүйтэй зохицуулах асуудлыг нухацтай хэлэлцэн, шийдлийг олох нь чухал байна.

Газрын багц хууль Улсын Их Хуралд өргөн баригдсанаас хойш 21 аймаг 9 дүүргийн иргэд олон нийтээс 5000 орчим санал ирүүлээд байна. Мөн Улсын Их Хурлын D-Parliament цахим платформ-д Газрын багц хуулийн төсөлд 630 гаруй санал ирсэн байна. Эдгээр саналын ихэнх нь Газрын ерөнхий хуулийн төсөл буюу бэлчээрийн газрын ашиглалт, түүний зохицуулалт, газрыг тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалтаас гаргах харилцаатай холбоотой асуудлууд дийлэнх нь байгааг дурдах нь зүйтэй.

Улс орны нийгэм, эдийн засгийн суурь харилцааг зохицуулах Газрын багц хууль, Геодези зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид та бүхэн ажил хэрэгч, шийдэл эрэлхийлсэн, гарц шийдэлтэй санал бодлоо хэлэлцүүлж, өнөөдрийн хэлэлцүүлэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Төрийн ордон

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn