Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой УИХ-ын хянан шалгах түр хорооны эхний сонсгол болно
Өнөөдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол эхэлнэ.
Монгол улсын парламентын түүхэнд анх удаа "Хянан шалгах түр хороо" байгуулагдсан. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар "Хянан шалгах үүрэг бүхий түр хороог" байгуулж анхны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон билээ.
УИХ-ын хяналт шалгалтын тухай шинэ хуулийн дагуу олон улсад хэвшин тогтсон “парламентын мөрдөн шалгах сонсгол” 3 удаагийн үе шаттайгаар олон өдөр үргэлжлэн хэргийн бодит нөхцөл байдлыг нотлох баримтуудын үндсэн дээр олон талаас хэлэлцэн тодруулж ил болгоно.Эцэст нь тайлан, дүгнэлтээ гаргаж ирэх 4 сард УИХ-д танилцуулснаар татан буугдах юм.
Сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно.
Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөх юм. Хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтээр тэдгээр 77 төсөл хөтөлбөрөөс 22 нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс 55 төсөл хөтөлбөрийг тойрсон асуудлыг энэ үеэр ярих юм. Ажлын таван өдөр эл асуудлыг ярина гэж тооцвол нэг өдөрт 11 төсөл хөтөлбөр хөндөгдөнө.
Гэрчүүдийг албан ёсны хуудсаар сонсголд дуудна. Тус сонсголыг МҮОНТ-ээр шууд цацаж, иргэд, олон нийтэд түгээх юм. Хэвлэлийнхэн уг дамжуулалтаас мэдээллээ хүлээн авч, цацна. Нийт 300 гэрчийг дуудаж мэдүүлэг асуухаар тогтжээ. Гэрчийн мэдүүлэг нь цаашид шүүхэд нотлох баримтын шинж чанартай үнэлэгдэнэ. 2010 хойших ажиллаж байсан бүх шатны албан тушаалтнууд уг сонсголд оролцож, хариулт өгөх аж.
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05
2024.12.14
2024.12.12
2024.12.11
2024.05.17
2024.05.16
2024.05.09