Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны тайланг хэлэлцлээ
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг өнөөдөр дүгнэж хэлэлцлээ.
Зөвлөл нь төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг 96.2 хувийн биелэлттэй хэрэгжүүлсэн байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 214 олон нийтийн цагдаа ажиллаж, 343 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ. Мөн гэмт хэрэгтэй холбоотой 28,000 гаруй мэдээ мэдээллийг цуглуулж ажилласан байна. Тээврийн цагдаагийн албанд олон нийтийн 50 цагдаа, гэрээт 250 цагдаа ажиллаж, 400 мянга орчим зам тээврийн ослыг илрүүлж, урьдчилан сэргийлж ажиллажээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын салбар зөвлөлийн санхүүжилтийн хүрээнд зохион байгуулсан “Оюутан цагдаа” төсөл хэрэгжсэнээр гадаад иргэдийн зөрчил, гэмт хэрэгт холбогдох байдал 50 хувиар буурсан байна.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар зөвлөлийн санхүүжилт дэмжлэгээр гишүүн байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнээс дурдвал,
Архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төсөл, Морьт, нохойт эргүүлийн ажиллагаа, “Намайг алгас” аян, “Байгалиа хамгаалъя” болон “Зөвийг зөвлөе” арга хэмжээг зохион байгуулжээ. Соён гэгээрүүлэх чиглэлээр олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр “Girls Council” чуулга уулзалт, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”, “Шар дарцаг” аян, “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” гар зургийн уралдаан зэрэг нэгдсэн арга хэмжээг тус тус хэрэгжүүлэн ажилласныг тайлагналаа.
Мөн холбогдох чиг үүргийн байгууллагуудыг техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд нийт 8 байгууллагыг машин, техник хэрэгслээр дэмжиж, 9 дүүргийн 11 байгууллагад техник төхөөрөмжөөр хангасан байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд гишүүн байгууллагын 50 орчим алба хаагчийг гадаадад туршлага хуримтлуулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулж ажилласан байна.
Харин хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган , ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтнуудыг чадавхжуулах сургалт, МУЗН-ийн анхны тусламжийн сургалтыг тус тус зохин байгуулжээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд 346 уулзвар, 2700 орчим гарц байгаагаас Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн /гэрээт/ 142 алба хаагч 67 цэгт 2 ээлжээр үүрэг гүйцэтгэдэг.
Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Монгол улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн амин сүнс нь бүх нийтийн оролцоон дээр тулгуурласан ажил байх шаардлагатай. Тийм учраас ард иргэд, ААН-ийнхээ оролцоог хангасан төрийн нээлттэй бодлого шийдвэр байх ёстой гэдгийг илэрхийлье. Мөн 9 дүүрэг, салбар зөвлөлийн ажлын албыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд зөвлөлийн гишүүд та бүхэн харьяа байгууллагын удирдлагууддаа чиглэл өгч ажиллах шаардлагатай байна. Зөрчил, зөвлөмжтэй холбоотой асуудлыг цаашид гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж хэллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn