Танхим, цахим хосолсон энэ удаагийн хурал “Томоохон хотуудын авто замын түгжрэлийг бууруулж, хүн амын төвлөрлийг сааруулах тогтвортой хөгжлийн стратеги: Шийдлүүд ба түүнийг санхүүжүүлэх боломжууд” сэдвийн хүрээнд боллоо.
Улаанбаатар хотод 5 дахь удаагаа зохиогдож буй уг форумд 5 улсын 20 гаруй хотын дарга нар болон, хотын бодлого төлөвлөлтийн газрын удирдлага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
БНХАУ-ын Бээжин хотын тухайд авто замын түгжрэлийг үр дүнтэй шийдэж буй туршлагаасаа, Санкт-Петербург хот тээврийн тогтолцоогоо хэрхэн хөгжүүлж ирснээ, БНСУ-ын Сувон хот нь уян хатан тээврийн систем дээр тулгуурлан замын түгжрэлийг бууруулах арга зам, ОХУ-ын Красноярск хотын удирдлага авто замын түгжрэлийг бууруулах бодлого, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар үнэтэй саналаа хэлсэн байна.
Харин Дэлхийн Банкны зүгээс Улаанбаатар хотын авто зам, тээврийн системд тулгарч буй гол бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чухал саналуудаа хуваалцжээ.
Авто замын түгжрэл нь дэлхий нийтэд тулгамдаж буй том хотуудын нийтлэг асуудал. Харин энэ хүндрэлийг нийтийн тээврийн төрөлжсөн олон талт цоо шинэ шийдэл, зам гүүрэн байгууламж, авто замын хяналтын ухаалаг систем, явган болон дугуйн зам, түүнийг дагасан тохилог ногоон орчин цаашлаад хотын төвөө тэлж, дагуул хотуудыг бий болгосноор төвлөрлийг сааруулж чадсан гэж томоохон хотуудын удирдлага онцолж байна. Мөн олон нийтийн оролцоотойгоор тэдний ухамсар хандлагад өөрчлөлт оруулах нь маш чухал гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах Үндэсний хорооны даргын хувьд олон улсын зөвлөмж, туршлага дээр үндэслэн Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад дунд хугацаанд авч хэрэгжүүлж байгаа бодлогынхоо тухай форумд оролцсон төлөөлөлд мэдээлэл өгсөн юм.