“Эрүүл мэндийн даатгал-Иргэний хяналт-Тусламж үйлчилгээ” сэдэв хэлэлцүүлэг өрнөв
2022.11.22

“Эрүүл мэндийн даатгал-Иргэний хяналт-Тусламж үйлчилгээ” сэдэв хэлэлцүүлэг өрнөв

Авлигатай тэмцэх газраас ээлжит хэлэлцүүлгээ зохион байгууллаа.

Тэд авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээнд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэнтэй хамтран ажиллаж, тэдний оролцоонд түшиглэсэн арга хэмжээг авч, санал санаачилгыг дэмжин харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллахад анхаарлаа хандуулж ирсэн.

Энэ удаа эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нээлттэй байдлыг хангах, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрхийг хангах, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, түүний үр шимийг хүртэх явцад үүсэж буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үр дүнг эрх бүхий байгууллагад хүргүүлэн дэмжиж ажиллах хүрээнд “Эрүүл мэндийн даатгал-Иргэний хяналт-Тусламж үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, хувийн хэвшлийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Монголхүү, “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТББ-ын тэргүүн Р.Эрдэнэбат, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий гакрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргил, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Л.Нарантуяа, “И-Монгол академи” УТҮГ-ын системийн ахлах шинжээч С.Цэвээнсүрэн нар оролцов.

Уг хэлэлцүүлгээр

  1. “Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэл”,
  2. “Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, ололт, амжилт”,
  3. “Хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгарч буй саад, бэрхшээл”,
  4. “Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авч байгаа байгууллагууд иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлж чадаж байна уу?”,
  5. “Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг мэргэжлийн технологийн үйл ажиллагаагаар дэмжих, даатгуулагчаас хяналт тавих боломжийг олгох нь”,
  6. “Е-Моngolia” систем нь “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийг хянах эрх”-ийг даатгуулагчид олгох боломжтой юу?” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, тодорхой санал шүүмжлэл өрнүүллээ.
Ингээд хэлэлцүүлгээс нэгдсэн дүгнэлт зөвлөмж гаргаж холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд танилцуулж өнөөгийн тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлд талууд анхаарч ажиллахаар болов.