“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөв
2022.11.22

“Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид Олон Улсын Парламентын Холбооны зүгээс Улсын Их Хурал болон Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх зорилго, төлөвлөгөөний талаар санал солилцов.

Дараа нь уулзалт, хэлэлцүүлгийг дүгнэж Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн хөтөлбөрийн менежер Рожиер Хуйзенга үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ удаагийн хэлэлцүүлгээс бид Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тухайлбал, 2020 оны шинэчлэн найруулгаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон хуулийн хэрэгжилтийн ахиц дэвшлийн талаар тодорхой мэдээлэлтэй болов. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх тайлан, илтгэлийг Байнгын хороо төдийгүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцдэг болсон төдийгүй тус Комиссын  бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд бодит үр дүн гарч буйд талархаж байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн тэрбээр, Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын урт хугацааны хамтын ажиллагааны эхний алхам болсныг онцлоод хүний эрхийг хамгаална гэдэг нь улс орон бүрийн хувьд чухал зорилго байдаг тул  ОУПХ-ны хувьд энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхэд хичээн ажиллах болно гэж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан хэлэлцүүлгийг хааж, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүний эрх нь ямар ч улсад харь биш, бүх үндэстний хувьд төрөлх, түгээмэл асуудал. Иймд хүний эрхийг хамгаалж, бэхжүүлэхийн тулд улс орнууд хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хүндэтгэх, хүний эрхийг биелүүлэх гэсэн гурван үүрэг хүлээдгийг тодотгоод энэ гурван үүргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Их Хурал, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 онд хийсэн томоохон алхам нь Олон Улсын Парламентын Холбоотой хүний эрх, жендерийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан явдал юм. Уг санамж бичгийн хүрээнд 2022, 2023 онуудад үе шаттайгаар, олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний эхний алхам болгож энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсныг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга  хэлсэн үгэндээ, Энэ удаагийн  хэлэлцүүлэг нь  хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэг бүхий Улсын Их Хурал, Хүний эрхий Үндэсний Коммиссын өмнө тавигдаж буй ойрын болон хэтийн зорилго, зорилтуудаа тодорхойлох, хоёр талын хамтын ажиллагааг сайжруулж, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон.

Мөн Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламент дахь хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой баталсан хууль тогтоомжууд, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүний эрхийн дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсруулах, энэ чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг хийхэд түлхэц болно хэмээн хэлэлцүүлгийг дүгнэлээ.