Цэцэрлэгийн барилгын цаана авилга, албан тушаалын гэмт үйлдэл далд явагдаж байна
2022.11.14

Цэцэрлэгийн барилгын цаана авилга, албан тушаалын гэмт үйлдэл далд явагдаж байна

Нийслэлд амьдарч буй 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүсч байсны гол шалтгаан бол шинээр бий болж буй суурьшлын бүс, орон сууцны хороолол, барилгуудад хүүхдийн цэцэрлэг төлөвлөсөн боловч барьдаггүй, оронд нь орон сууцны барилгууд барьдаг, хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналт сул байгаатай шууд холбоотой.

Өнөөдөр нийслэлд баригдаж буй нийт 752 орон сууцны барилгын 0,02 хувь буюу 20 барилгад л цэцэрлэг төлөвлөсөн. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа нийт орон сууцны гуравт нь нэг давхартаа цэцэрлэгтэй байхаар төлөвлөгдсөн байх жишээтэй.

Нийслэлд 2018-2022 оны байдлаар нийт цэцэрлэгийн барилгын 98 архитектор төлөвлөлтийн даалгавар, 72 загвар зураг батлагдсанаас барилга эхлүүлэх 102 зөвшөөрөл олгосон боловч улсын комисс 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.

Жишээ нь 2018 онд архитектор төлөвлөлтийн даалгаврыг 24 дээр гаргасан мөртлөө, загвар зураг нь 13 болж нэг дахин буурдаг. Дараа нь барилга эрхлэх зөвшөөрлийг дахин нэмэгдүүлж 26 болгосон ч комисс хүлээж авсан ердөө 12 болж дахин нэг дахин буурдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр авилга, албан тушаалын гэмт үйлдэл яваад байгааг харуулж байна гэж шууд үзэж байна.

Энэ нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг норм, нормативын дагуу төлөвлөсөн боловч баталсан загвар зургийн тоо АТД-аас багассан, барилга эхлэх зөвшөөрлийн тоо нэмэгдсэн боловч Улсын комисс хүлээн авсан барилгын тоо архитектор төлөвлөлтийн даалгаварт тусгаснаас 41,0 хувиар багассан нь цэцэрлэгийн хомсдол үүсэх гол шалтгаан болж байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас нийслэлд цэцэрлэгийн хомсдол үүсч, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт ордог, эцэг эх, асран хамгаалагч нь хонон өнжин очерлодог, танил тал хайдаг, зарим тохиолдолд бусдад шан харамж өгч байж цэцэрлэгт оруулдаг зэрэг олон сөрөг талууд бий болж, өнгөрсөн хичээлийн жилд 34,0 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.

Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тогтвортой хэрэгжихэд хүндрэл учирч болзошгүй.

Тийм учраас ЗГ-ын Тогтоолын төсөлд:

  • Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллах, барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах, орон сууцны хороолол, цогцолбор барилгад төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд тухайн бүс нутгийн байршилд “түр цэцэрлэг” байгуулж ажиллуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
  • Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэгийн барилга байгууламжийг холбогдох хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагыг хангуулж, тусгасан эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд цэцэрлэгийн барилга байгууламжийг тусгах талаар арга хэмжээ авч ажиллах, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр түрээслэх, худалдан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, шаардагдах зардлыг жил бүрийн улс, нийслэл, орон нутгийн төсвийн төсөлд тусгахаар оруулсан.

Тогтоолын төслийг батлан хэрэгжүүлснээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас 2022 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хадгалах, цаашид шинээр баригдах хороолол, цогцолбор барилга байгууламжид цэцэрлэгийн барилгыг заавал төлөвлөж, хэрэгжилтэд тавих хяналт сайжирч, шинэ суурьшлын бүсүүдэд хүүхэд “цэцэрлэг”-гүй үлддэг байдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ болно гэж үзэж байна.

Цаашид цэцэрлэг, сургуулийн барилгыг төлөвлөхдөө хүн амын хэтийн тооцоо, тухайн орон нутгийн хөгжлийн ирээдүй, боловсролын хүртээмж, цэцэрлэгийн барилгын хүчин чадал, насжилттай уялдуулан тооцох SCHOOL MAРРING орон зайн төлөвлөлтөд суурилан хийхээр бэлтгэж байгааг хэлье.