Хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг зөв оношлох нь чухал
2022.11.02

Хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг зөв оношлох нь чухал

"Энэрэлийн түүчээ" төрийн бус байгууллага 2012 онд байгуулагдаж дэргэдээ хүслийн ордон цэцэрлэгийг нээжээ. Тус цэцэрлэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч боловсролын болон сэргээн засах үйлчилгээг үзүүлдэг.

Энэ хичээлийн жилд 47 хүүхэд тус цэцэрлэгт хамрагдаж байна. Хүслийн ордон цэцэрлэг 18 багш ажилтантай. Герман улсаас хөдөлгөөн болон хэл заслын мэргэжилтнүүдийг урьж авчирчээ.

"Энэрэлийн түүчээ" төрийн бус байгууллага нь цэцэрлэг ажиллуулахаас гадна сургалт судалгааны төв, явуулын үйлчилгээг мөн үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд иж бүрэн үйлчилгээг үзүүлэхээр зорьж байгаа юм байна.

Тус төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах 3 үе шаттай модуль сургалтын аргачлалыг боловсруулан бэлэн болгосон байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох олон улсын аргачлалыг нутагшуулж байна. Энэ сайн санаачилгуудыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх боломжийн талаар бид санал солилцлоо.

Цаашид улсын хэмжээнд бүртгэгдсэн 12 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрхэн оновчтой хүргэх талаар ярилцав.