Сингапурт хийсэн айлчлалаар ярьж тохирсон зүйлс хэрэгжиж буйд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон. Айлчлалыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайдад Ерөнхий сайд талархаад айлчлалаар ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршилгыг Монголд нутагшуулах, авлигаас ангид засаглал, хуримтлалын нэгдсэн сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбарт Сингапур улстай үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон. Элчин сайд Эрик Теогийн Монгол Улсад хийж буй энэ айлчлал хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ярьж тохирсон зүйлийг урагшлуулах, ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапурт хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажилд анхаарч ажиллаж байгаагаа Элчин сайд онцоллоо. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Хот зохион байгуулалтын хөтөлбөр хэрэгжиж байна. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хот төлөвлөлтөд хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд хэллээ.
Нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах, тээврийн хэрэгслийн цахим системд нэвтрүүлэх, хот төлөвлөлтийн чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сингапурын “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтран ажиллаж байгааг Элчин сайд тэмдэглээд “Энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнтэй болсон нь түгжрэлийг бууруулахад Засгийн газар илүү анхаарч буйн илэрхийлэл” хэмээн хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны долдугаар сард Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар ярьж тохирсон зүйлсийг үр дүнд хүргэж, бодит ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.