2022.10.18
Х.Ганхуяг: Ямар төслүүдийг хэдий хэмжээний зээлээр хэрэгжүүлж, валютын нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ
УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжүүдийн татварын буцаалтыг өгдөг. Үүнээс болж аж ахуй нэгжүүдээ задлах асуудал яваад байна. Өнөөдрийн байдлаар нийт аж, ахуй нэгжүүдийн 0.6% нь 2.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой ажиллаж байна гэсэн тоо бий. Энэ төсвийн хуульд хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулахаар байсан. 10 сая төгрөгөөс дээш илүү татвар оногдуулах гэх мэтчилэн асуудлууд байна. Энэ чинь далд эдийн засгийг бий болгох, хөдөлмөр эрхэлсэн хүмүүсээ дэмжсэн биш хөдөлмөр эрхэлдэг, өндөр цалин авдаг олон улсын хэмжээний цалин, орлоготой ажилладаг хүмүүсийн татварыг нэмье гэсэн бодлого шиг харагдаад байгаа юм.
Ирэх жил ямар хэмжээний зээл авч, ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тусгасан бэ?
Валютын нөөц бүрдүүлэх нь Монголбанкны ажил биш шүү дээ. Төсвийн хууль батлагдсантай холбогдуулаад валютын нөөцөө бүрдүүлэх нь Засгийн газрын хийх ажил. Энэ төсвөөр төсвийн төслийг батлаад өгчихвөл ирэх жилийн өдийд бид ямар хэмжээний валютын нөөцтэй байх вэ?
Би анх чуулганаар хэлэлцэж байхад өөдрөг төсөл байна шүү гэдгийг анхааруулж хэлж байсан. Яг энэ байдлаар явбал дараа жил төсвийн тодотгол хийх, валютын нөөцөө бүрдүүлж чадахгүй бол валютын сангийн хөтөлбөрт хамрагдах гэсэн 2 сонголт л харагдаад байна.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.