Л.Мөнхбаатар: Заавал мөнгөн урамшуулал авахгүйгээр шударга иргэн байх агуулгыг "Шүгэл үлээгч"-ийн хуулиар ярина
2022.10.17

Л.Мөнхбаатар: Заавал мөнгөн урамшуулал авахгүйгээр шударга иргэн байх агуулгыг "Шүгэл үлээгч"-ийн хуулиар ярина

Өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн. Зарим УИХ-ын гишүүн тус хуулийг ихэд шүүмжилж “матаачдын хууль” хэмээн тодотгосон. Харин зарим нь хүний эрхийг зөрчиж болзошгүй заалтуудыг засч чадвал авлигыг бууруулахад ач холбогдолтой гэж буй.

Ямартай ч тус хууль хэрэгжиж эхэлбэл нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудал болон авлигыг илчилсэн иргэнийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулах юм. Уг хуулийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатартай ярилцлаа.

-НИЙГМИЙН ҮНЭТ ЗҮЙЛД ХАРШИЛЖ МЭДЭХ УЧИР МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ АГУУЛГЫГ НУХАЦТАЙ ХЭЛЭЛЦЭНЭ-

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн яг аль хэсгийг засах шаардлагатай гэж та үзэж байгаа вэ. Жишээ нь төрийн албаныхан нэгнээ хянаж, өөрт байгаа баримт материалыг хуулийн байгууллагад өгснөөр урамшуулал авах заалт энэ хуульд байна гэх шүүмжлэлийг УИХ-ын зарим гишүүн хэлж шүүмжилж байгаа шүү дээ?

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх практик шаардлагууд бий. Нэгдүгээрт, бид авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж мэдээлэгчийн эрх зүйн байдлыг сайжруулах үүрэг хүлээсэн. Энэ үүргийн дагуу тус хуулийг батлах шаардлага бий. Хоёрдугаарт, 2024 он хүртэлх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд энэ хуулийг батлах төлөвлөгөө багтсан. Гуравдугаарт, Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрөө өргөн барьсан. Энэ мэт олон хууль зүйн үндэслэл байна. Авлигатай тэмцэх, нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй хууль гэж үзсэн учраас Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.

Шүгэл үлээгч гэх нэр томъёо нь 1972 онд анх бий болж олон улсад төлөвшсөн байна. Нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр дуугардаг учраас Шүгэл үлээгч гэж нэрлэсэн. Ер нь хувь хүний асуудлыг матаж, хов зөөдөг гэх агуулгаас ангилж үзэхийн тулд энэ нэр томъёог гаргасан байдаг. Харин манай улсад энэ нэр томъёог хэрхэн буулгах вэ гэдгийг хэлэлцүүлгийн явцад хэлэлцэнэ.Хуулийн үндсэн агуулга нь нийтийн эрх ашгийг зөрчсөн буюу авлига, албан тушаал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, байгаль орчин, шударга бус өрсөлдөөний чиглэлээр тодорхой мэдээллийг ил болгосон иргэнийг хамгаалах, хууль зүйн баталгаа бий болгох зорилготой юм.

Товчхон хэлбэл, мэдээлэгчийг л хамгаалах тухай хууль юм. Уг хуульд тодорхой мөнгөн дүнгээр урамшуулах заалт бий. Таван бүлэг 22 зүйлтэй хуулийн нэг бүлэгт нь “Мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах” тухай асуудал байгаа юм. Гэхдээ урамшуулах асуудлыг түлхүү яриад эхлэхээр хуулийн ач холбогдол буурах магадлалтай. Мэдээлэгчийг хамгаалах нь өргөн цар хүрээтэй. Эрх зүйн хувьд мэдээлэл өгсөн иргэнийг дарамт шахалтад оруулах, хуулийн хариуцлагад татах, хилс хэрэгт хэлмэгдүүлэх, албан тушаалаас нь өөрчлөх, ангилал зэрэглэлийг нь бууруулах, шагнал урамшууллаас хасч бусад байдлаар хясан боогдуулах, сошиал болон мэдээллийн хэрэгслээр дайрч гүтгэх зэрэг олон эрсдлээс хамгаалах эрх зүйн боломжийг энэ хуулиар олгосон.

Харин мөнгөн урамшууллыг олгох нь энэ хуулийн хөшүүрэг юм л гэж үзэж байгаа.

Ингэхдээ 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулж болно гэх тодорхой үечлэлээр тогтоосон. 50 сая төгрөгийг авлигыг илчилсэн бол 15 хувь ч гэх юм уу. Гэхдээ шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эд хөрөнгө нь хураагдсан үед олгох тухай юм. Гишүүдийн болон иргэдийн яриад буй болгоомжлолыг хэлэлцүүлгийг шатанд авч хэлэлцэх нь зүйтэй. Мөнгөн дүнтэй холбоотой агуулгыг түлхүү хэлэлцвэл бас хуулийн гол агуулга гажуудах эрсдэлтэй гэж үзэж байгаа.

-Мөнгөн дүнтэй холбоотой агуулгыг түлхүү авч хэлэлцэнэ гэлээ. Ингэхдээ яг яаж өөрчлөхөөр Хууль зүйн байнгын хорооны гишүүд ярилцаж байгаа вэ?

-Заавал мөнгөн урамшуулал авахгүйгээр шударга байж болно. Нийгэм дэх болж, бүтэхгүй буюу нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудлыг хөндөж ярих нь шударга иргэний үүрэг шүү дээ. Энэ агуулгыг түлхүү явуулна.

Гэхдээ мөнгө урамшуулалтай холбоотой асуудал нь хуулийн нэг хөшүүрэг болсон учраас бид анхааралтай нухацтай авч хэлэлцэнэ. Мөн иргэдээ хов зөөдөг болгож тэр нь эргээд нийгмийн үнэт зүйлтэй харшлах вий гэсэн болгомжлол бий. Тиймээс энэ асуудлыг мөн болгоомжлолыг нухацтай авч хэлэлцэнэ. Мэдээж уг хуулийг баталснаар авлигын интекс буурна. Авлигын индекс буурвал олон улсын Монголд өгөх үнэлгээ, зэрэглэл өснө. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Нийтийн үнэт зүйлтэй харшлуулахгүйгээр зорилго, тэнцвэрийг хадгалж үлдэх нь чухал гэж би бодож байна.

-Татварын зөрчил маргаантай холбоотой асуудлаар шүгэл үлээж болохгүй гэх саналыг Сангийн яамнаас тус хуульд оруулсан юм байна. Яагаад?

-Хуулийн үйлчлэх хүрээнд тусгаснаар авлига, ашиг сонирхлын асуудлаар шүгэл үлээж болно. Мөн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, байгаль орчин, шударга бус өрсөлдөөний асуудлаар мэдээлэл өгч болно. Харин татварын маргаантай холбоотой хэсгийг Сангийн яам санал гаргаад хассан юм байна лээ. Гэхдээ энэ асуудлыг нэмж оруулах боломжтой. Миний хувьд их хэмжээний татвар нуун дарагдуулж, үгсэн хуйвалдсан тохиолдолд шүгэл үлээж мэдээллийг ил болгох боломжтой гэж харж байгаа. Хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдвэрлэсний дараа ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Дараа нь нэмэх шаардлагатай зарим заалтыг нэмж болно.

-ӨМНӨ НЬ ШАЛГАГДСАН ХЭРГЭЭР ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БОЛОХГҮЙ-

- Хуулийн 8.3.2-т өмнө нь шалгуулж, үр дүнг нь мэдэгдсэн асуудлаар дахин шүгэл үлээсэн мэдээлэлд хяналт шалгалт явуулахгүй гэжээ. Энэ нь эрх мэдэлтнүүдтэй холбоотой хаагдсан авлигын хэргүүдийн асуудлаар дахин дуугарсан ч шалгахгүй гэсэн үг үү?

-Олон нийтэд нэгэнт ил болсон асуудлаар шүгэл үлээх цаашлаад хуулийн байгууллагаар шалгаад үр дүн нь гарсан хэргийг мэдээлж мөнгөн урамшуулал авах тухай асуудал гарч болзошгүй. Үүнээс болгоомжилсон л гэсэн үг. Өмнө нь эрх бүхий байгууллагаас шалгаад хэргийг хаасан тохиолдлыг хэлж байгаа юм. Түүнээс одоо шалгагдаж буй эсвэл шалгагдаад эрх бүхий байгууллагаас шийдвэр нь гаргаагүй асуудлаар мэдээлэл хэлэх боломжтой. Гэхдээ илт худал мэдээллээр шүгэл үлээхгүй. Энэ мэт хязгаарлалтууд бий. Эрх зүйн олон сөрөг үр дагавар гарч болзошгүй учир хэлэлцүүлгийн явцад их нухацтай хэлэлцэнэ. Учир нь хэн нэгнийг хэлмэгдүүлж ч болзошгүй шүү дээ. Мөн тодорхой этгээд хуулийн гадна үлдэж ч болзошгүй. Хязгаар, заагийг сайн тогтоож өгөх ёстой.

- Яг хэн шүгэл үлээж болох эсэх талаар та мэдээлэл өгнө үү?

-Хэн ч шүгэл үлээж болно.

-Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр Богд Зонхов бурхан барих гэж буй асуудлыг isee.mn мэдээллийн сайт нь анх олон нийтэд мэдээлж улмаар тус барилгын ажлыг зогсоон төсвийн мөнгийг хэмнэж чадсан. Энэ нь тохиолдолд сэтгүүл зүй шүгэл үлээгчийн үүргээ биелүүлж чадсан уу?

- Тухайн ажил нь хууль зөрчсөн, арга зам нь хуулиас гадуур байсныг мэдээлсэн бол шүгэл үлээсэнд тооцно. Улсын төсөвт төсвийг нь тусгасан тохиолдолд хамаарахгүй. Төсөвт тусгаагүй мөн хууль нь гараагүй байхад эсвэл Засгийн газрын тогтоолгүйгээр ажил хийснийг анх мэдээлсэн тохиолдлыг энэ хуулиар хүлээн зөвшөөрч байна.

-Шүгэл үлээгчийг хамгаалахтай холбоотой заалтуудыг та тодорхой хэлж өгөөч?

-Энэ хуулийг батлахтай холбогдуулан Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Мэдээлэгчийг Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар хамгаална. Шаардлагатай тохиолдолд ойр дотны хүн, гэр бүлийн гишүүдийг дээрх хуулиар хамгаална. Мөн Зөрчлийн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Үүнд шүгэл үлээсэн иргэний албан тушаалыг өөрчилж, бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, цалин хөлсийг бууруулах, ажлаас халж чөлөөлөх, ажлын үр дүнг үнэлэхгүй байх, шагнаж урамшуулахгүй байх зэргээр хясан боогдуулсан тохиолдолд тухайн буруутай этгээдийг нь Зөрчлийн хуулиар шийтгэнэ.