Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай мэндчилгээ дэвшүүллээ
Тэрээр боловсролын салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсч, хөгжсөний 101 жилийн ой, дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын мэндийг хүргэе.
Улс орны хөгжил дэвшлийн суурь үндэс болох боловсрол, мэдлэгийг хүүхэд, багачуудад эзэмшүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулж ирсэн та бүхний гэгээн үйлсэд олон хүн талархдаг гэдэгт итгэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ой энэ жил тохиож байна. Бид 2022-2023 оны хичээлийн жилд “БОЛОВСРОЛ ТӨСӨЛ”-ийг 5 зорилтын хүрээнд 30 арга хэмжээг боловсролын байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд BOOM, IELTS600 төслүүд амжилттай хэрэгжиж сурагч, багш нарын мэдлэг, ур чадвар нэмэгдэн эхнээсээ үр дүнгээ өгч байгаад баяртай байна.
Бид энэ онд 320-640 хүүхдийн суудалтай сургуулийн 9 барилга, 2 өргөтгөл, 1 сургуулийг буулган, шинээр барьж байгаа бөгөөд шинэ хичээлийн жилд 4 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн суудалтай 162 дугаар ерөнхий боловсролын сургуулийг шинээр ашиглалтад оруулж, сурагчдаа хүлээж авлаа. Энэхүү бүтээн байгуулалтууд цаашид үргэлжлэн 2023 онд гурван цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд шинээр дахин 8 цэцэрлэг барьж, 26, 107, 110, 119, 158-р цэцэрлэгүүдийг өргөтгөлийн барилгыг шинэчлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэдэг сайхан үг бий. Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд бидний зүгээс улс орныхоо ирээдүй болсон сурагч дүү нарынхаа эрдмийн үйлс гэгээтэй байхыг чин сэтгэлээсээ хүсдэг бөгөөд багш хэмээх эрхэм алдрын эзэд та бүхний эрдэм номын өглөг үрээс, үрд өвлөгдөж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье" гэлээ.