Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм шинэчлэгдэн батлагдлаа
УИХ-ын чуулганы 12 дугаар сарын дөрөвний өдрийн нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10.25 цагт эхэллээ.
Хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр танилцуулсны дараа гишүүд Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамаас асуулт асуун, саналаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн С.Ламбаа, “2005 оны Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг УИХ-ын байнгын хорооноос шалган дүгнэлтээ гаргаж байсан. Тэрхүү шалгалтаар илэрсэн зөрчлийн мөрөөр тус зөвлөлөөс ямар арга хэмжээ авсан нь мэдэгдэхгүй л өнгөрсөн. Төрийн албаны зөвлөл жаахан хөнгөн ажилламаар байна. Эрүүл мэндийн сайд хууль зөрчин газрын дарга нараа томилсон гэсэн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс гаргасан. Тийм бол сонгон шалгаруулалт явуулъя гэхээр, “Зүгээр байсан байна. Хууль зөрчөөгүй байна.” гэж хэлээд тэр хүмүүсийг буцаан томилуулж байсан. Сонин хэвлэлээр болохоор сайд хууль зөрчин хүн томилсон гээд ярилцлага өгчихөөд цаг дээрээ тулахаар хууль зөрчөөгүй байна гээд сууж байдаг. Үүндээ хяналт тавьж ажиллаач гэж хэлмээр байна. Дахин ийм зүйл хийхээ болиорой” гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм шинэчлэгдээд ахиц гараасай. Төрийн албаны зөвлөлийн дарга томилогдоод жилийн хугацаа өнгөрч байгаа ч ахиц гараагүй. Төрийн байгууллагууд боловсон хүчний захиалга өгдөг, түүний дагуу сонгон шалгаруулалт явуулдаг. Дараа нь томилгоо болно. Гэтэл энэ гурван зүйл хоорондоо зөрчилдөөд байна.Багаар ажиллах гэдэг нь үнэндээ аялдан дагалдах, зусардан бялдуучлах гэсэн ойлголт болж хувираад байна. Харвардын их сургууль төгссөн чадвартай залуучууд төрийн албанд орж чадахгүй явж байна. Гэтэл үнэндээ төрийн албанд бараг бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс том алба хашаад явж байна. Асуудалд нэр холбогдсон нөхдүүд хүртэл томилогдчихсон явж байгаа шүү дээ. Энэ байдлаас гарах гарц байна уу” хэмээсэн.
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, “Энэ асуудлаар тоо баримттай ярих хэрэгтэй байх. Сонгон шалгаруулалтад гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүс олноороо оролцсон. Тэдний нэлээд нь төрийн албанд орсон байгаа.Бид хуульд заасан үүргээ биелүүлэхээр зүтгэж байгаа. Цаашид ч анхаарч ажиллана” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, “Төрийн албыг шинэ, чадварлаг хүмүүсээр бэхжүүлэх нь маш чухал асуудал. Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт явуулдаг. Гэтэл энд нэг сонин заалт байгаа юм. Төрийн албанд нэг буюу түүнээс дээш жил ажиллаагүй бол шалгалтад орох эрхгүй гэсэн заалт. Тэгвэл сургууль төгсөөд ирж байгаа шинэ боловсон хүчин нэг жил байтугай нэг сар ч ажиллаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр шинэ хүн ажилд авахгүй гэж ойлгож болох уу” гэж Төрийн албаны зөвлөлийн даргаас лавласан юм.
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, “Төрийн албанд орохоор сонгон шалгаруулалтад орж байгаа хүмүүст ажилласан жилийн шаардлага тавьдаг гэсэн яриа бий. Энэ нь ч үндэстэй. Төрийн байгууллагууд манайд сул орон тооны захиалгаа ирүүлдэг. Ингэхдээ авах ажилтны ажлын байрны тодорхойлолт дээрээ төрийн албанд тэдэн жил ажилласан байх гээд заачихдаг. Тиймээс бид туслах түшмэлийн албан тушаалын орон тоон дээр сонгон шалгаруулалтад орж байгаа хүмүүст ажилласан жилийн туршлага заах хэрэггүй гэж үзээд бүх газруудад зөвлөмжөө хүргүүлсэн байгаа. Шинээр ажилд орж буй хүмүүс энэ орон тоон дээр өрсөлдөн ажилд ороод доороос нь дээшээ буюу тэрхүү ажлаар дамжин дээшээ ахих бололцоог бид олгож байгаа” гэж хариуллаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаадад сургууль төгссөн л бол эхний ээлжинд төрийн албанд ажилд авах ёстой гэж хэлж бас болохгүй. Дотоодын сургуулиудаа ингэж үл ойшоож болохгүй. Гол нь төрд ажиллах сайхан эрмэлзэлтэй, ард түмэнд үйлчлэх чин эрмэлзэлтэй хүмүүсийг төрийн албанд сонгож авах хэрэгтэй шүү” хэмээн сануулаад Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явууллаа. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэнээр уг тогтоолын төсөл батлагдлаа.
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батлах тухай хуулийн төсөл мөн олонхийн саналаар батлагдсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл сэргээгдэх эрчим хүчний асуудлыг тэргүүлэх асуудал болгох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд олон гишүүн түүнтэй санал нэг байсан. Тэрбээр, “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй гэдэг нь тогтоогдсон гэж би сонссон. Бид үүн рүү идэвхтэй чиглэвэл олон улсын дэмжлэгийг авч чадна. Европын холбоо Сахарын цөлд нарны эх үүсвэрийн станц барихаар 17 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж байгаа гэж дуулсан. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийн талаар тодорхой судалгаа бий юу. Энэ тал дээр овсгоо гарган ажиллах талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ” хэмээн Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн газрын даргаас лавласан юм. Тус төвийн дарга Н.Энэбишийн мэдээлснээр манай улс сүүлийн 20-иод жил сэргээгдэх эрчим хүчний нөөцийг тогтоохоор судалгаа хийж байгаа аж. Тэрхүү ажлын үр дүнд манай улсын өмнөд, зүүн өмнөд зүгийн нутаг салхины эрчим хүчний асар их нөөцтэйг тогтоон, атлас гаргасан байна. Салхиар гарган авах эрчим хүч 3 гегабайт хэмжээтэй байх бөгөөд манай хэрэгцээ 1 гегабайтаас ихгүй байдаг гэнэ. Сахарын цөлд байгуулах гэж буй нарны цахилгаан станцтай төстэй станцыг монголд барих нөөц ч манай улсад байгаа аж. Энэ асуудлаар хоёр хөрш улстайгаа ярилцахаар төлөвлөж байгаа хэмээн тэрбээр хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний 0.2 хувийг л сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа юм байна. Бид энэ асуудалд стратегийн ач холбогдол өгөх хэрэгтэй байна. Сахарын цөлд Европын холбооноос хэрэгжүүлэх төсөл 2050 он хүртэл үргэлжилнэ гэж байгаа. Тэд үүний үр дүнд Европын холбооны 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавьсан байна. Бид үүнтэй адил зорилт тавих ёстой. АНУ Хятадтай хамтран Техаст нарны эрчим хүчний станц барих 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэх гэж байна. Тэрхүү төслийн үр дүнд 18000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж төлөвлөж байгаа юм байна. Манай орны хувьд хэдэн онд, хэдэн хувь нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдахыг мэдмээр байна” гэж лавласан.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Н.Энэбиш, “Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрт 2010, 2020 оныд хүрэх үр дүнг тусгасан байгаа. 2010 онд манай улсын эрчим хүчний 3-5 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлнэ гэсэн зорилт байгаа. Дээрх гишүүний дурьдсан 0.2 хувь гэдэг нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн станцуудын хүчин чадлыг оруулан тооцоогүй байгаа дүн юм. Төлөвлөсөн ёсоор сэргээгдэх эрчим хүчний станцууд ашиглалтад орсноор 3.42 хувь болохоор байгаа юм” гэлээ. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн дүрмийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.2 хувь нь дэмжин баталлаа.