Олон улсын ахмадын баярын мэндчилгээ
2022.10.03

Олон улсын ахмадын баярын мэндчилгээ

Эрхэм хүндэт азай буурал ахмад настнууд та бүхэндээ Олон улсын ахмадын баяр болон Монголын ахмадын байгууллагын түүхт 91 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Эх орон, их хот, дүүргийн өнөөдрийн хөгжил цэцэглэлт бол ахмадуудын маань цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн залуу нас, авьяас билиг, мэдлэг чадварын үр дүн гэдгийг энд онцлон дурдмаар байна. Ахмад, буурлууд та нарынхаа хийсэн бүтээснийг өнөөгийн бид үргэлжлүүлэн хөгжүүлж явах болно.

Туршлага мэдлэгээ бидэндээ өвлүүлэн, үнэтэй сургаалаа хэлж, жаргалтай зовлонтой, дардантай бартаатай замыг туулахад үнэтэй зөвлөгөөгөө өгсөөр байна гэдэгт итгэлтэй байна.

Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Ахмадад ээлтэй дүүрэг” төслийг хэрэгжүүлэн олон бүтээлч ажлыг хийж байна. Үүнээс дурдвал, дүүргийн 33 дугаар хороонд “Ахмадын хөгжлийн ордон” нээлтэй хийж оёдол, гар урлалын цех, ахмадын бүтээлийн үзэсгэлэн, чийрэгжүүлэлтийн заал, сургалтын заал гэх мэт чөлөөт цагаа өнгөрөөх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үедээ ажил мэргэжлийн туршлагаа өвлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

Түүнчлэн “Ахмадаас суралцах, соёлын биет бус өв тээгчдийг алдаршуулах, өвийг түгээн дэлгэрүүлэх 3 үеийн уулзалт” арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд ахмад, дунд, залуу үеийн иргэдийн төлөөлөл болсон 500 гаруй иргэд оролцож ахмадууд өөрсдийн мэдлэг, авьяас чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх уламжлалыг тогтоолоо.

Улс орон, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ түшиг тулгуур болсон ахмадууд та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn