Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Төр-хувийн хэвшлийн түншлэл чухал
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг “Төр-хувийн хэвшлийн түншлэл”- ийн загвараар хэрхэн хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлэг боллоо. /2022-08-26/
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хууль, тогтоомж , зохицуулалтад шинжилгээ хийж, дахин төлөвлөлтөд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, Төр, хувийн хэвшлийн оновчтой хэлбэрийг ашиглах харьцуулсан судалгааны хэлэлцүүлэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б. Сүхбаатар, Барилга, хот байгуулалтын яамны Орон сууцны санхүүжилтын хэлтсийн дарга Э. Батболд, Нийслэлийн Орон сууцны Бодлогын газрын дарга бөгөөд төслүүдийн удирдагч Г. Ганхүү, НЗДТГ, НОСК, ХБХГ, ХОМК, МИК, “Бүргэд констракшн”ХХК , “Дукан” ХХК-ны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг гүйцэтгэж болох загварууд болон холбогдох санхүүгийн тооцооллыг танилцуулсан ба цаашид төр, нутгийн захиргааны байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшил болон хөрөнгө оруулагч банк санхүүгийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Дашрамд дурдахад “Төр- хувийн хэвшлийн түншлэл” ТХХТ /Public-Private Partnership /PPP/ нь засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллагуудын хоорондын урт хугацааны хэлэлцээр юм.
Энэ нь төрийн төсөл үйлчилгээг урьдчилж хувийн хөрөнгөөр санхүүжүүлэх, төрийн удирдлагын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх арга хэлбэр юм.
Нийслэл Улаанбаатар хот ТХХТ-ийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх тусгай үйлчилгээ төсөл”-ийг амжилттай эхлүүлээд байна.