2022.08.26
Зээлийн хэрэгцээ нэмэгддэг цагт банкууд зээлээ зогсоосон нь иргэдэд хүндрэл учруулж байна
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2022.08.24/-ийн хуралдаанаар Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал дүгнэлт гаргаж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн.
Энэ үеэр Монголбанк, Хүнс хөдөө аж ахуй, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудаас зээл олголт, бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтворулах зорилгоор гаргасан хуулийн хэрэгжилт, Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр хэдийгээс хөдөлж эхлэх зэрэг тодорхой асуудлуудаар хариулт авч, байр сууриа илэрхийллээ.
Монголбанкнаас өгч буй мэдээллээр үнэт цаасны хэмжээ оны эхнийхээс 2 дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Гэтэл хичээл сургууль эхэлж, сургалтын төлбөр, намрын бэлтгэл гээд зээлийн хэрэгцээ нэмэгддэг цагт зээл олголт зогссон нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгаа. Ялангуяа манай хөдөөгийн иргэд наймдугаар сард сургалтын төлбөрийн зээл их авдаг. Гэтэл арилжааны банкууд зээл олгохгүй байна, яах билээ гэж хүмүүс ярьж, мессеж ч их ирүүлж байна.
IPO гаргах, активын чанарын үнэлгээ хийхтэй холбоотойгоор арилжааны банкууд үзүүлэлтээ сайжруулах гээд зориудаар зээл олголтыг барьчихаад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ ч байгаа юм. Тиймээс Монголбанк энэ асуудалд анхаарч, зээлийг нэмэгдүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авах шаардлага байгаа.
УИХ-аас баталсан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн, ялангуяа мах, гурилын үйлдвэрүүдэд бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр олгох замаар нөөц бүрдүүлж ирэх онд үнийн өсөлт гаргахгүй байх гэсэн хуулийн гол зарчим хэрэгжиж байна уу гэдэгт ч анхаарах ёстой.
Засгийн газрын эдийн засгаа эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөрийг хөдөлгөж ядаж хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжиж эдийн засгийнхаа цусыг бүр боочихгүй байхад анхаарч ажиллахыг нөхцөл байдал шаардаж байна.
Бид амаргүй нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Энэ хүнд нөхцөлд яаж тэсч үлдэх вэ гэдэг сорилтын өмнө ирлээ гэхэд хатуудахгүй байх. Тиймээс цаашид тодорхой хэмжээгээр мөнгөний бодлогоо хатууруулахаас аргагүй байх. Үүнийгээ дагаад төсвийн бодлогоо чангаруулах, хэрэглээгээ хязгаарлах шаардлага ч үүсч таарна. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, гадагшлах урсгалыг хумих арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгаад ч анхаарах ёстой юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn