Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурал болж байна
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурал Улаанбаатар хотноо эхэллээ.
Энэ удаагийн их хурлыг “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн чиг хандлага” үндсэн сэдвийн дор цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхийн Бага Хурлын болон Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн, мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч гишүүний нэг юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд тус нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлыг эх орондоо зохион байгуулж байна.
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлын оролцогчдод зориулсан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын илгээсэн мэндчилгээг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уншиж танилцууллаа.
Тэрбээр мэндчилгээнд, “Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль монголын ард түмний сонгосон ардчилсан, эрх зүйт төрийн тогтолцооны үндэс суурийг тавьсан юм. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн гол ололтуудын нэг бол Үндсэн хуулийг хамгаалах, чандлан сахиулах нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг институтийн бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, зарчмыг тогтоон баталгаажуулсан явдал билээ. Монгол Улсад Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага болох Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” хэмээн түүний хараат бус байдлыг баталгаажуулснаар Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй биелүүлэх гол механизмын хувьд төрийн эрх бүхий байгууллага, хүний эрхийн харилцааг зохицуулахад Үндсэн хуулийн цэцийн үүрэг онцгой ач холбогдолтой болохыг өнгөрсөн жилүүдийн туршлага харуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, шийдвэр нь Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, ялангуяа Монгол Улсын иргэн бүрд Үндсэн хуульд ёсны суурь үзэл баримтлалыг таниулж төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход баримталдаг томоохон хүчин зүйл болсоор ирлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрүүдэд хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох маргаан олон байгаа нь нь хүний эрх, эрх чөлөө Цэцийн анхаарлаа хандуулдаг гол цөм асуудал гэдгийг илтгэж байна. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар тодорхойлогдсон хүний эрх хэмээх үнэт зүйлсийг хамгаалж, түүний хөгжлийг хангахад онцгой нөлөө үзүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Их хурлыг нээж хэлсэн үгэндээ:
Манай улсын Үндсэн хуулийн хяналтын онцлог нь иргэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн асуудлаар өөрийн эрх ашиг хөндөгдсөн эсэхээс үл хамааран Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нээлттэй байдаг, асуудлыг бага суудал, дунд суудал, их суудлын хуралдаанаар хэлэлцэх замаар Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хэрэгжүүлдэгт оршдог. Дунд суудлын хуралдаанаас гарсан Цэцийн дүгнэлтийг УИХ-д оруулдаг зохицуулалт нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох нэг боломж нээдгээрээ давуу талтай гэж үзэж болохыг онцлов.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуульт ёсны төлөвшилд бодитой нөлөөгөө үзүүлсээр байгааг тэмдэглээд Үндсэн хуулиа чандлан сахиж, түүний хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглахад Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар нэгэнт тогтоосон Цэцийн эрх зүйн зохицуулалтын онцлогийг давуу тал болгон, цаашид улам боловсронгуй болгон төгөлдөржүүлэх шаардлага бий.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээг Үндсэн хууль дээдлэх зарчим, хүний үндсэн эрх, эрх чөлөө зэрэг Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс илүү чөлөөтэй, утга агуулга, уялдааг харгалзан хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх нь дэлхий нийтийн түгээмэл үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, үндэсний түвшинд бататгах чиглэлд илүү дөхөм болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хуралд тус нийгэмлэгийн гишүүн 20 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Юү Нам Сог, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арслан, Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Кайрат Мами нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Уг Их Хурлын нээлтийн ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Кайрат Мами хэлсэн үгэндээ, “Манай нийгэмлэгийн гол зорилго нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг баталгаажуулах, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, гишүүн улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих, туршлага, мэдээлэл солилцоход оршдог. Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үүрэг оролцоо бүс нутгийн хэмжээнд улам нэмэгдэж байна” хэмээгээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүс нутаг болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд тогтмол оролцож, Үндсэн хуулийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлоход идэвхтэй хамтран ажиллаж ирсэн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.