Криптограф, криптосистемийн аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгууллаа
2022.08.18

Криптограф, криптосистемийн аюулгүй байдлын талаарх сургалт зохион байгууллаа

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс “Криптографын тухай ойлголт, криптосистемийн аюулгүй байдал” сэдвийн дор цахим болон танхим хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Тагнуулын ерөнхий газраас “Криптограф ба өнөөгийн чиг хандлага”, “Мэдээллийн нууцлал, крипто хамгаалалт” сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр мэдээллийн нууцлал нь Тагнуулын байгууллагын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журам, удирдамжаар зохицуулагддаг гээд  Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа зарим тоног төхөөрөмжинд хөгжүүлэлт хийж, олон улсын стандарт, зөвлөмжийн дагуу тус байгууллагын нууцлал, хэрэглээ, хүртээмжийг криптографаар хэрэглэх боломжтой гэдгийг онцолж байв.

Сургалт хэлэлцүүлэг, асуулт, хариултаар үргэлжилсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат, дэлхий нийтээр цахимжиж байгаа энэ үед Монгол Улсын парламент цахим шилжилтийг мөн эхлүүлсэн гэлээ.

Тэрбээр, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “D-Parliament” цахим системийг нэвтрүүлсэн хэмээгээд  ингэснээр иргэд парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлж байгааг дурдлаа.

Түүнчлэн өнөөдрийн сургалт цаг үеэ олсон, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэдлэг, мэдээлэлд ахиц болсон гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.