Г.Жавхлантөгс:
Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтран хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх бодлогоо цогцоор нь шийдэх хэрэгтэй
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхээр хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” болон хөрөнгө оруулалтын орчны талаар “АмЧам-Монгол” ТББ-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.
Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд багассан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт сэргэх хандлага ажиглагдаж байгаа юу?
Засгийн газар бодлогоо сайн тодорхойлж, хэрхэн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагч нарыг дэмжих вэ гэдгээ гарган танилцуулах шаардлагатай. Бид одоогоор валютын нөөцийн хомсдолд орсон, хил, гааль хаалттай гэх мэт олон бэрхшээлүүд бий. Түүнчлэн манай улсын зээлжих зэрэглэл сайнгүй байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан яг одоо Монголд хөрөнгө оруулна гэдэг хүндрэлтэй.
Сайн мэдээ гэвэл Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийж далд уурхайн төсөл урагшлах бололцоотой болсон. Үүн дээр бидний зөвлөж буй зүйл бол хөрөнгө оруулалтын орчны анхдагч хүчин зүйлүүд буюу манай улсын хуулийн засаглал, хөрөнгө оруулалтын асуудал шүүхээр цаг хугацаандаа шударгаар шийдэгддэг үү, хөрөнгөө оруулаад тодорхой хэмжээний ашгаа буцаан авахад санхүүгийн систем бүрэлдсэн үү мөн төрийн албаны тогтвортой байдал зэрэг нь хангалттай бүрдэж байж гадаадын хөрөнгө оруулалт тэлэх боломж гарч ирнэ. Ялангуяа хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад хэд хэдэн зүйлийг өөрчилье гэж байгаа. Гэтэл одоог хүртэл тодорхой болсон зүйлгүй, олон нийтэд танилцуулаагүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг сайжруулж байж бодлого маань тодорхой болно.
Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
Шинэ сэргэлтийн бодлогын хувьд эдийн засагт тулгараад байгаа төрийн бүтээмж, чадамжийн асуудал байна гэж зөв тодорхойлсон. Гэхдээ төрд түшиглэсэн хувийн өмчийн эдийн засаг, хувийн хэвшилд тулгуурлаагүй төслүүд байна. Ялангуяа төр өөрөө тодорхой тооны төслүүдийг хийе гэсэн. Үүнд 94 төсөл бий. Саяхан манай танхимаас Шинэ сэргэлтийн бодлогын талаар зохион байгуулсан хурлын үеэр энэ 94 төсөл хэрэгжих боломжгүй гэж дүгнэсэн. Богино хугацаандаа буюу 2024 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой 5-10 төсөл дээр төр хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллавал үр дүн гарна. Санхүүжилтийн хувьд тодорхой биш байна.
Шаардлагатай санхүүжилт нь 30 их наяд төгрөг гэж байгаа. Энэ санхүүжилт дээр төр хувийн хэвшилтэй яаж хамтарч болох вэ, эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай 10 төсөл нь юу вэ гэдгийг тодорхой болгож хамтарвал амжилтад хүрэх боломжтой. Эдийн засгийн чуулган дээр энэ талаар ярьсан. Гэтэл “Энержитик Монголиа” нэртэй үндэсний брэнд бүтээнэ гэж байсан. Бид нарт хэрэгтэй зүйл нь валютын урсгалыг нэмэгдүүлэх. Тэгэхээр бид “Инвэст Монголиа” болгооч гэсэн саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл Монголд хөрөнгө оруулъя гэдэг олон улсын хэмжээний брэндийг тултал нь явуулах хэрэгтэй.
Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд аль нэг салбараараа дагнах уу эсвэл боломжтой төслүүд юу байж болох вэ?
Бид хөрөнгө оруулалт татахад хувийн хэвшлийн ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүд нилээн байна. Уул уурхайн салбар дээр алтны болон бусад шинэ ордуудын асуудлууд бий. Тухайлбал, “Эрдэнэ ресурс” компани. Хөрөнгийн бирж дээр өөрийн хувьцаагаа гаргасан. Ийм төслүүдээ илүү их дэмжих хэрэгтэй.
Дээр нь цахим шилжилтэд хэд хэдэн боломжууд бий. Манай “АмЧам” төрийн бус байгууллага сар бүрийн эхэнд уулзалт хийдэг. Саяхан зургаадугаар сарын эхээр зохион байгуулсан “Цахим шилжилтийн асуудал Вэб 3.0” гэсэн чуулга уулзалтад гадаадын томоохон хөрөнгө оруулагч нар ирсэн. Тухайлбайл, Полигон /polygon investing/, Би Си Давлю /BCW investment/, Чэйналисис /Chainalysis/ь DLA Piper зэрэг финтек /fintech/, санхүүгийн салбарын блокчэйн технологид суурилсан томоохон компаниуд оролцсон нь Монголд байгаа боломж болон хөрөнгө оруулалтын талаар өндөр ач холбогдолтой чуулга уулзалт болж өнгөрлөө. Цахим үйлчилгээ, ялангуяа блокчэйний салбарт хөрөнгө оруулах боломтой.
БОЛОМЖУУДАА АШИГЛАЖ ЭДИЙН ЗАСГИЙН ЦУСНЫ ЭРГЭЛТЭЭ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Мөн санхүүгийн салбарт АНУ-ын 2 төрийн байгууллагын санхүүжилтийн боломжууд байна. Бага хүүтэй, урт хугацааны зээлүүд. Ди Эф Си /DFC-Development Finance Corporation/ гэж олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци байдаг. Энэ байгууллагаас урт хугацааны бага хүүтэй зээлүүдийг арилжааны банкуудаар дамжуулан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүддээ олгох боломж манай төр засагт байна. Америкийн EXIM Bank экспорт, импортын банк гэж бий. Хөрөнгө санхүү хэцүү байгаа энэ үед тус банк бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог. Иймэрхүү боломжуудаа ашиглаж, Засгийн газар эдийн засгийнхаа цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй.
Монгол Улс хоёр талаасаа хил нь хаалттай, төсвийн алдагдалтай, төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гэж тооцсон. Тухайлбал LRT. Гэтэл эдгээрээс буцаад шууд орж ирэх эдийн засгийн өгөөж нь бага байдаг. Энэ үр өгөөжийг сайжруулах гол ажил бол үндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг яаралтай татах ажил. Бид хөрөнгө оруулагчдыг энэ зун наадмаар уриад, төслүүдээ танилцуулж, улс орон, бизнесүүдээ сурталчлах чиглэлийн ажлуудыг хиймээр байна. Ийм л боломжуудыг сайн ашиглах хэрэгтэй.
“АмЧам-Монгол” ТББ-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс
Монгол Улсад тулгамдаж буй томоохон асуудлын нэг Засгийн газрын өр. Үүнийг багасгах ямар боломж байна ?
Монгол Улсын өр жилээс жилд нэмэгдээд л байна. 2023 оны хөгжлийн чиг хандлага Улсын их хурлаар батлагдлаа. 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 50.1% нь өр болсон. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Олон Улсын Валютын Сангийн судалгаагаар манай улс өртэй орнуудын тоонд дээгүүр жагсаж байна.
Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Төсвөө батлахдаа алдагдалтай баталдаг, өөрсдийгөө зөвтгөөд нэг бондыг нөгөө бондоор санхүүжүүлдэг. Өмнөх зээлүүдийн нөхцөлөө сайжруулаад дараагийн зээлээ авч байгаа нь сайн, нэг ёсондоо өр багасч байна гэсэн үг. Гэхдээ л энэ бол өр. Тийм учраас төсвөө батлахдаа орлого, зарлагаа бодитой төлөвлөвөл төсөв тодорхой болж чадна. Хөрөнгө оруулалт хийлээ гэхэд эргээд үр өгөөжөө сайн өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тухайлбал, хувийн хэвшилдээ санхүүгийн боломжийг нээж өгсөн 3 хувийн хүүтэй зээл зэрэг тухайн аж ахуй нэгжид бодитой хөрөнгө оруулалтыг хийх нь зөв.
Өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэрлэлд хөнгөлттэй зээл өгсөн. Үр дүн гарсан уу?
Энэ зээлийг хэрэгцээтэй байсан зарим компаниуд авч чадаагүй, нэг үгээр бол хэрэгтэй хүмүүстээ хүрээгүй. Тэгэхээр ямар газар зээл очсон бэ гэдэг дээр судалгаа, тайлан үзэх хэрэгтэй. Зээл авах ёстой газрууд нь авсан уу гэдэг эргэлзээтэй байгаа юм. Урин дулаан болоод уул уурхай, зам барилгаас эхлээд бүх салбарууд маань хөдөлж эхэлж байгаа цагт валютын нөөцийн хомсдолд орсон, санхүүгийн нөөц нь хумигдсан байдалтай байна.
Энэ үед санхүүгийн эргэлт, хэрэгцээ нэмэгддэг гэдгийг тооцоолж бэлтгэлээ хангасан бол өнөөдөр дансандаа байгаа доллараа ашиглаж чадахгүй хэмжээнд хүрэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаад оруулаад ирлээ гэж бодъё. Гэтэл хөрөнгө оруулагчид өөрсдийн дансан дахь доллараа үйл ажиллагаандаа ашиглаж чадахгүй байдалд орвол яах вэ гэдэг маш харамсалтай зүйл.
БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХҮНД СУРТАЛ ДАРАМТГҮЙГЭЭР ЯВУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙЖ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ
Бид нар Шинэ сэргэлтийн бодлогоор “Таван толгой”, “Оюутолгой” зэрэг томоохон төслүүд хэрэгжсэнээр эдийн засаг сэргэнэ гэж яриад байгаа. Том төслүүдээ дагаад жижиг бизнесүүд хөгжих нь зөв. Гэхдээ зөвхөн том төслүүд хөдөлж байж эдийн засаг сэргэнэ гэдэг худлаа. Өнөөдөр гадаа гудамжинд ТҮЦ ажиллуулж байгаа хүн, гутал зараад зогсож байгаа хүн, өөрийн гэсэн дэлгүүртэй тэр хүмүүс бизнесийн үйл ажиллагаагаа хүнд суртал дарамтгүйгээр явуулах боломжтой болж байж эдийн засаг сэргэнэ. Тэр чинээгээр ажлын байр нэмэгдэнэ.
Ажил хийж байгаа хүний ард байгаа ар гэр гээд эдийн засаг тодорхой хэмжээгээр тэлэх боломжтой болно гэсэн үг. Зөвхөн том төслийг дэмжвэл эдийн засаг сэргэнэ гэж хандах цаг биш юм. Төсөв мөнгөний асуудалтай байгаа энэ үед өрөө нэмэгдүүлээд суух биш гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой судалгаа хийж, аль салбарт хөрөнгө оруулбал үр нөлөөтэй, ямар урамшууллын бодлого явуулна гэдгээ хурдан зарлах хэрэгтэй.
Өнөөдөр шүүх дээр татварын маргааны асуудалтай олон компаниуд байна. Цар тахлын улмаас татварын асуудлууд нь сөхөгдсөн, маргаан нь шийдэгдээгүй, маргаан нь шийдэгдэхийн тулд удаан үргэлжилдэг зардал өндөртэй. Нөхцөл байдал ийм хүнд байхад хөрөнгө оруулагчид ирэх үү?
Магадгүй тусдаа хөрөнгө оруулалтын, бизнесийн татварын маргаанд зориулсан тусдаа шүүхийг байгуулж, татварын маргааны асуудлуудыг хурдан, шударгаар шийддэг байх хэрэгтэй. Асуудал нь шийдэгдээгүй, цаг хугацаа алдаж байгаа олон асуудал байна.
Эдгээр нөхцөл байдлууд хөрөнгө оруулалтыг үргээж байдаг. Тийм учраас үүнийг өөрчлөхийн тулд эко систем буюу хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн орчин, хүн засагладаг биш хууль засагладаг, хэн нэгэн арын хаалгатай хүн хуулийн дээгүүр гишгэдэг биш, шүүх нь шударгаар шүүдэг, хурдан хугацаанд үр дүнтэй байдаг тогтолцоотой байх. Мөн хөрөнгө оруулалтын урамшууллын бодлогууд нь тодорхой, төрийн алба нь тогтвортой ажилладаг цомхон бүтцүүдийг бий болгох хэрэгтэй.
Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхгүй байгаа ямар ямар шалтгаан байна?
Бид нар “Рио Тинто”, “Оюутолгой” хоёр ойлголцчихлоо та нар орж ирээд хөрөнгөө оруул гэдэг. Хөрөнгөө оруулахаар ямар нэгэн байдлаар хураагаад эсвэл өмчлөөд авдаг, эргээд хөрөнгөө гаргаж авч чаддаггүй нөхцөл байдалд хүрдэг. Энэ нь дараагийн хөрөнгө оруулалтыг үргээдэг, муу үр дагавартай. Тийм учраас Засгийн газар пи ар хийгээд явахаасаа илүүтэй гэрийн даалгавараа буюу гэрээ сайн цэвэрлэмээр байна. Дээр дурдсанчлан авлига, хээл, хахуулийн асуудлаа хурдан шийддэг, хүнд суртлын асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Монгол Улс далайд гарцгүй орон. Бүх юм нь хоёр хөршөөрөө дамждаг, ложистикийн хувьд хүнд, өрсөлдөөний орчинд бизнес, хөрөнгө оруулалтын орчноо садаа, бэрхшээл, хүнд суртал багатай байлгамаар байна.
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд 100 мянган ам. долларын босго тавьдаг. 90 мянган ам. доллар оруулж ирвэл гадаадын хөрөнгө оруулалтад тооцогдохгүй нөхцөлтэй. 90, 10 мянга ч байсан, нэг хоёр ч гэсэн ажлын байр нэмж байгаа хүмүүст боломжийг нь нээж өгөх нь зөв. Сингапурт хөрөнгө оруулах уу, Монголд хөрөнгө оруулах уу гэвэл Сингапурт л хөрөнгө оруулна. Яагаад гэвэл бүх юм нь тодорхой, хүнд суртал, саад тотгоргүй. Мөн байгаль, цаг уурын таатай нөхцөлтэй.
Аль болох өрсөлдөхүйц орчинтой болгож хөрөнгөө оруулах хэрэгтэй. Жишээлбэл, “Кино урлагыг дэмжих тухай хууль” батлагдсан. Энэ хүрээнд Соёлын яамнаас дөрөв, таван гадаадын продюсерыг уриад Монголд зураг авалтаа хийгээч бид бодлогоор дэмжинэ гэсэн санал тавьсан. Энэ санал ажил хэрэг болоод Холливудын нэр бүхий жүжигчин, продюсерууд энэ намраас Монголд зураг авалтаа хийж Унгарын болон Монголын хамтарсан кино хийхэд бэлэн боллоо. Энэ бол бодлогоо зөв тодорхойлоход үр дүн хурдан гарах боломжтой байгаагийн жишээ юм.
Гэтэл өнөөдөр “Ашигт малтмалын тухай хууль, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулна гээд яг аль хэсэгт ямар өөрчлөлт оруулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Цаашдаа хөрөнгө оруулалт татъя гэвэл татварын орчноо сайжруулах шаардлагатай. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэхдээ татварын орчин буюу хөрөнгө оруулахад ашигтай байна уу, үгүй юу гэдгийг хардаг.
Монголын татварын орчин бизнес эрхлэгч нарт хүнд тусдаг, үүнийг өөрчлөх ямар боломж байна?
Татварын бодлогоор хөрөнгө оруулалт болон гарааны шинэ бизнесүүдийг дэмжих хэрэгтэй. Нэг тодорхой жишээ хэлье. “Хувьцаа шилжүүлсэний татвар” гэж бий. Энэ татвар Монгол улсад өнөөдөр 20%-тай оногдсон. Энэ нь Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу багц өөрчлөлтөөр орж ирсэн. Энд ямар асуудал байна гэхээр хувьцаа шилжүүлсний татварыг хувьцаа зарсан орлого дээр нь оноодог. Олон улсын жишгээр хувьцаа зарсан ашгаас буюу ашиг дээр нь “withholding tax”-ыг “capital gain” дээр нь олгодог болохоос биш “revenue” дээр нь олгодоггүй. Манайд ийм тогтолцоо байхгүй.
Шууд зарсан дүн дээр өндрөөр оноодог. Сингапур зэрэг оронд энэ хамгийн бага, ашиг дээр нь оноодог. Иймээс олон улсын жишиг рүү татварын орчноо ойртуулах хэрэгтэй. Монгол бол Чингисийн өлгий нутаг, сайхан байгальтай, арвин түүхтэй гээд цээжээ дэлдээд байдаг ч зах зээл жижигхэн, тэр болгон хүмүүсийн анхаарал татаад байхаар газар биш. Тиймээс аль болохоор анхаарал татахуйц, таатай болгох бүх арга хэмжээнүүдээ хиймээр байгаа юм. Япон, Солонгос, Сингапур бүгд гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай татаж ирсэний үр дүнд хөгжсөн улс орнууд. Гэтэл бид бодлогоо зөв тодорхойлж, урт хугацаанд үр дүнтэй байлгах биш, хөрөнгө оруулалтыг үргээсэн бодлого хэрэгжүүлж байна.
Өнөөдөр бизнесүүдэд тулгарч байгаа том асуудал бол Эрээн, Тяньжин дээр маш их хэмжээний бараа гацчихсан. Гарч байгаа экспортын бараа нь цөөхөн. Эрээний засаг захиргаа манай улсын ямар бараа орж ирэхийг сугалаагаар шийдээд байна шүү дээ. Саяхан Эрээн дэр том авлига, хээл, хахуулийн асуудал сөхөгдлөө. Монгол Хятадын удирдлагууд хоорондоо хуйвалдаад өөрсдийн танил тал, хэн түрүүлж мөнгө өгсөн тэрэнд барааг нь гаргаж өгч нааш нь нэвтрүүлээд байсныг нь Хятадын тал мэдсэнээр хурдан арга хэмжээ авч, хариуцлага тооцож байна. Манай улс байхгүй. Нөгөө л бахь байдгаараа.
Манай гишүүн компани 54 тэрбум төгрөгийн өртөгтэй уул уурхай, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөхөмж, хүнд машин механизмын бараа хил дээр гацчихсан оруулж ирж чадахгүй байдалтай байна. Зөвхөн нэг компанийн тухайд ярьж байна шүү дээ. Гэтэл зөвхөн уул уурхай гэлтгүй хөдөө аж ахуйн салбар тоног төхөөрөмж, сэлбэгийн хомсдолд орчихсон байна. Хил дээр гацчихсан учраас зарим компаниуд аргаа бараад Ховдын боомтоор оруулах гэхээр тээврийн зардал нэмэгдэхээр байна. 20 сая төгрөгөөр орж ирдэг ачааны үнэ 3 дахин нэмэгдээд 60 сая болсон байна. Өндөр инфляцтай, бараа бүтээгдэхүүний хомсдолтой, үнэ нэмэгдээд байгаа энэ үед яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
ЗАСГИЙН ГАЗАР НЬ АРД ИРГЭДИЙНХЭЭ ТАЛХНААС ЗУЛГААГААД БАЙЖ БОЛОХГҮЙ
Засгийн газар гуравхан компанийг сонгоод ачаа бараагаа зөөгөөд байх биш хувийн хэвшилдээ боломжийг нь өгөх ёстой. Засгийн газар нь ард иргэдийнхээ талхнаас зулгаагаад байж болохгүй. Хөрөнгө оруулалтаа татаад гадаадын компануудтай хамтарсан тээвэр зууч хийх гэх мэт маш олон боломжууд байна. ОХУ-ын ачаануудыг Европ руу явахыг хориглочихсон. Гэрээ байгуулаад Монгол жолооч нараа явуулах, Монгол тээвэр зуучийн компаниудыг Европын зэх зээл рүү гаргах боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Төрд байгаа хүмүүсийг бид ард иргэдийн аж амьдралыг сайжруулаач гэж сонгосон. Гэтэл эсрэг бодлого боловсруулаад байх юм. Үүнд ард иргэд маш их шүүмжлэлтэй хандаж байна. Эдийн засгаа томруулах тусам дундаж цалин орлого нэмэгдэнэ, ард иргэдийн аж байдал сайжирна. УИХ-аар Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах тухай яригдаж байсан ч төсвийн санхүүжилтыг нь батлаагүй. Хөрөнгө оруулалтаа дэмжинэ гээд байгаа мөртлөө бодит байдал дээр хөрөнгө оруулалтын агентлагаа ч дэмжихгүй байна. Хэлж байгаа зүйл нь хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн тогтолцоо, төрийн өмчийн компаниудаа хувьчилж ашиг, орлогыг сайжруулаач гэж байгаа юм.
Төрийн өмчийн 100 гаруй хувьцаат компани байдаг. Эдгээр компаниудыг бүгдийг нь хувьчилах нь зөв үү?
Бүгдийг хувьчилна гэж байхгүй байх. Гэхдээ боломж байвал олон нийтийн болгох хэрэгтэй. Хөгжлийн банк, ЖДҮ-ийн жишээг бүгд мэдэж байгаа шүү дээ. Хяналтгүй байгаа компаниудыг олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй.