"Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нарын 25 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, экспортын 93 хувь, гадаад шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, улсын төсвийн нийт орлогын 30 орчим хувь буюу 4 их наяд төгрөгийн татварыг эрдэс баялгийн салбараас төвлөрүүлжээ. Манай улс газрын хэвлийн баялагтаа тулгуурлаж ашигтай, ил тод хариуцлагатай, хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий олборлох болон нэмүү өртөг шингэсэн эрдэс бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тээвэр ложистикийн зөв бодлого баримтлах нэн шаардлагатай байгааг төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Өнгөрсөн жилээс эхлэн өнөөг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа хэдий ч манай төрийн өмчит компаниудын борлуулалтын үнэ дэлхийн зах зээлийн үнээс гурав дахин бага байна. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнээс улбаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд уул уурхайн компаниудын нүүрсний олборлолт, экспортоос олсон ашгийг Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ашиглах төрийн урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, уул уурхайн салбарт хэрэгжиж буй хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, тус салбараас Монгол Улсын хүртэж буй орлогын урсгалыг хянах, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийн шалтгаан нөхцөлийг олж тогтоох, хянан шалгах, улмаар уг хүндрэлийг даван туулах арга замыг тодорхойлох практик болоод хууль зүйн шаардлагын хүрээнд хянан шалгах, түр хороо байгуулах талаар тогтоолын төслийг боловсруулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Хянан шалгах түр хороо байгуулах гэж байгаа асуудал нь чухал хэдий ч төслийн танилцуулгаас харахад Байнгын хорооны чиг үүрэгт тусгагдсан ажлуудыг хийхээр тусгасан байгааг анхааруулав. Иймд Хянан шалгах түр хороо байгуулах асуудлаа илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Хянан шалгах түр хороо байгуулах шалтгаан нь монголынхоо авлигачдыг илрүүлж барихад чиглэжээ хэмээн ойлгож, энэ утгаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах гишүүдэд тухайн асуудалтай холбоотой байгууллага, салбарт өмнө нь ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх хязгаарлалт тавьсан эсэхийг лавлаж, энэ асуудалд анхаарахыг сануулж байлаа.
Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо