2022.04.26

Э.Бат-Амгалан: Түгжрэлийг урт хугацаанд арилгах төслийг эхлүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотын хөгжлийн гацаа болсон түгжрэлийг арилгах нь нийслэлд оршин суугчдын "шүдний өвчин" болоод байна. Энэ асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, маш нарийн зохион байгуулалттай хийх нь нэн тэргүүний ажил гэдгийг хүн бүр дуу нэгтэй хэлдэг.  

Хэн бүхэнд хамаатай уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурлын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо байгуулж, үүнийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан даргалж байгаа юм. Түүний ахалдаг Түр хорооны хуралдаанаар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий Улаанбаатар хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаар танилцуулсан. 

Ч.Батзориг

 

Тус төслийг "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын дарга Ч.Батзориг танилцуулсан. Тэрээр илтгэлдээ "Замын түгжрэлээс хамаарч нэг хүн өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг “зам дээр” өнгөрөөдөг байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн ам 1970 оноос 5.2 дахин, нийтийн тээврээр өдөр тутам тээвэрлэсэн зорчигчийн тоо 3.7 дахин өсжээ" гэдгийг онцлоод Xөнгөн галт тэргийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлснээр замын түгжрэл 25 хувиар буурна гэдгийг тодотгосон юм. 

ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан эл тулгуурт гүүрэн байгууламжийн эхний шугамын төсөвт өртөг нь 926 орчим сая ам.доллар юм.  Нэг километрийн зардал 51.1 сая ам.доллар байхаар тооцсон. Санхүүжилтийн 15 орчим хувийг нийслэлийн төсвөөс, 85 хувийг БНХАУ-аас авах зээлээр хийхээр төлөвлөжээ. Гэтэл УИХ-ын /2022.04.22/-нд чуулганы хуралдаанаар энэхүү төслийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон нэр бүхий гишүүд дэмжээгүй билээ. 

 

Нэгдмэл нэг санаанд хүрч чадахгүй байгаа энэхүү асуудалд  УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хөнгөн гал тэрэгний төслийг дэмжиж буй байр сууриа хамгаалж байна.

Тэрээр "LRT төслийг хэрэгжүүлэхийг зорьсон даруйд олон нийтийн зүгээс парк шинэчлэл, автозам зэрэг асуудлыг хөндөж байна. Нийслэлээс парк шинэчлэлт хийж шаардлагатай автозамын дүрэм, журам, стандартыг боловсруулж байгаа гэдгийг юун түрүүнд хэлэх хэрэгтэй. Гол асуудал нь парк шинэчлэлт, авто замын ажлууд бол Улаанбаатар хотын түгжрэлийг бүрэн, том хэмжээгээр нь шийдэж чадахгүй. Тиймээс бид урт хугацаанд их хотын түгжрэлийг шийдэх дорвитой ажлыг зоригтой хийх хэрэгтэй" хэмээсэн юм. 

Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдийн төлсөн татвар Улсад төвлөрөөд аль нэг аймаг, сум, баг дээр хөрөнгө оруулалт болж зарцуулагддаг. Уг нь өөрсдийнх нь амьдрах орчин, шаардлагатай бүтээн байгуулалт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдах нь зарчмын хувьд оновчтой болохыг дурдаж байв. 

Цаг үеийн чухал шаардлагатай байгаа энэхүү асуудлыг унагасан шалтгаанаа Төсвийн байнгын хорооныхон Сангийн яамнаас буруу мэдээлэл өгсөнд гэв. УИХ-ын гишүүд эсрэг байр суурь илэрхийлж байсан уг асуудлыг ажил хэрэг болгох үүднээс МАН-ын бүлэг хуралдаж LRT хөнгөн галт тэрэгний төслийг хэлэлцэн дэмжиж шаардлагатай ажлын хэсгийг байгуулахаар болсон юм. 

МАН-ын бүлгийн хуралдаан /2022.04.25/

 

Хэн нэгний эрх ашгийг төлөө биш, нийт Улаанбаатарчуудын амьдралын боломж нөхцлийг сайжруулахын тулд Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны дарга УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болоод хорооны гишүүд, Нийслэлийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид чадах, мэдэх бүхнээ дайчлан ажиллаж байгаа юм. 

Залуу гишүүний хувьд хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг бөхөөх бус бадраах ёстой. Монгол Улсын нөхцөл байдалд хамгийн тохиромжтой арга бол LRT төслийг урагшуулах нь чухал гэдгийг УИХ-ын Э.Бат-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанаар илэрхийлж, өөрийн байр сууриа бат хамгаалж байгааг онцлох хэрэгтэй. Хэрэв энэхүү төслийг эхлүүлээд амжилттай дуусгаж чадвал цаашдын үр өгөөж нь асар их билээ. 

Гэхдээ LRT хийгдээд шууд түгжрэлгүй болчихно гэж хэлж байгаа зүйл бас биш. Бид иргэн бүрд алхах явган зам, дугуйн зам, автомашин, такси үйлчилгээ, автобус, хөнгөн галт тэрэг гээд маш олон сонголтыг бий болгож өгснөөр хотын түгжрэл буурна гэдгийг тэрээр онцолсон юм.