УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022.04.19/-ний өдрийн хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Үр тарианы хувьд Монгол улс зарим жил сайн авч, зарим жил тааруу авч байдаг. Энэ нь үр тарианы усалгааны хувьд 90 гаруй хувь нь усалгаагүй, цаг агаараас шууд шалтгаалдагтай холбоотой. Бид гадны тариа, будаанд найдах цаг өнгөрч байна. Ковидын байдал болон улс орнуудын хоорондын мөргөлдөөний байдал зэрэг нь хил, гаалийн асуудлийг хаалттай болгож байна. Жишээ нь манай улс ОХУ-аас дутагдсан үр тариа, улаан буудайгаа авдаг. Гэтэл ОХУ гадагшаа гаргах улаан буудайн дээрээ квот тогтоочихлоо. Түүнээс гадна 1 тонн улаан буудай тутамд 94 долларын экспортын татвартай болгочихлоо. Тиймээс бид дотоодын үр тариа хураалтын асуудалд сайн бэлтгэлтэй байж, өөрсдөөс шалтгаалах ажлыг маш сайн хийх ёстой.
Хүнсний ногооны асуудалд Засгийн газраас 50 тэрбум төгрөг олгохоор болсон. Мөн анх удаа хураасан ногооны тонн тутамд урамшуулал олгохоор боллоо. Гэхдээ Хүнс, хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яамд анхааруулж хэлэхэд өмнө ч бас хураасан ургацанд нь үр тариа шиг урамшуулал өгье гэдэг саналууд их гарч байсан. Юунаас болоод өгдөггүй байсан бэ гэвэл үр тариатай адил нэгдсэн гурилын үйлдвэрт болон нэгдсэн зооринд өгдөггүй, талбайгаас тэвш, талбайгаас шуудайнд хурааж шууд хэрэглэгчдэд хүрдэг учраас шийдвэрлэхэд ярвигтай байсан. Тийм учраас хүнсний ногоо тариалсан талбай болон ургац тогтоолт зэргийг маш нарийн чанд хийх хэрэгтэй. Энэ тал дээр аймаг, дүүргүүдийн хөдөө, аж ахуйн газартаа үүрэг өгч, хатуу хяналт тавих хэрэгтэй. Хүнсний ногоо хураах ажилд урамшуулал олгох явдал нь хүнсний ногоо тарих идэвхийг өрнүүлнэ гэж бодож байна.