УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээнд анхаарна
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх төсвийг улсын төсөвт тусгуулах талаар идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Сүүлийн жилүүдэд Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудлаар Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, төлөөлөгч Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун нарын хамт УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд танилцуулан шугам сүлжээг шинэчлэх талаар санал солилцлоо.
Уг асуудалд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн анхаарлаа хандуулж асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ. Энэ онд дээрх шугам сүлжээг шинэчлэх зураг төсвийг боловсруулах бөгөөд хэдий хэр хэмжээний төсөв хөрөнгө шаардагдах тооцоо судалгаатай болно. Шугам сүлжээг солих ажлыг цаг алдалгүй ирэх оноос эхлүүлэхийн тулд 2023 оны улсын төсөвт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тусгах, цаашид үе шаттайгаар хийж дуусгах талаар идэвхитэй хамтран ажиллахаар боллоо.