Д.Сумъяабазар: Эдийн засгийн форумд хөдөөгийн хөгжлийг маш оновчтойгоор хэлэлцэх хэрэгтэй
Төрийн ордонд болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
-Улаанбаатар хот томоохон ямар төслүүдийг эхний ээлжид хэрэгжүүлэх вэ?
-Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх төсөл бол гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг. Энэ бол дэлхий нийтэд 100 жил туршигдсан технологи. Энэхүү технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, одоо Ажлын хэсэг рүү орохоор ажиллаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газар, дараа нь УИХ-аар хэлэлцэнэ. Түүний дараа хурдны тойрог зам.
Хотын хувьд УИХ, Засгийн газрын дэмжлэг авахгүй бол томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх эх үүсвэр хараахан бүрдээгүй. 2022 онд Улаанбаатар хотын хөрөнгийн үнэлгээг хийхээр төсөвт суулгасан. Энэ ажил удахгүй эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотод хамааралтай барилга байгууламж, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, инженерийн байгууламжууд, мөнгөн урсгал гэхчлэн бүхий л өмч хөрөнгийн үнэлгээг хийгээд хотын зээлжих зэрэглэлийг тогтоох юм. Энэ ажилд дэлхийн хэмжээний туршлагатай эдийн засагч, хөрөнгө оруулалтын зөвлөхүүд ажиллаж байна. Хөрөнгийн үнэлгээ есдүгээр сар гэхэд гарчихна.
Ирэх 2023 оны эхний улиралд багтааж олон улсын санхүүгийн зах зээл, бондын зах руу гарах тооцоо гаргаад ажиллаж байна. Тэр үед дэлхий нийт эдийн засгийн хувьд сэргэчихнэ гэж таамаглаж байна. Нийслэлд 20-30 жилийн хугацаатай, 0.75-1.75 хувийн хүүтэй урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Энэ эх үүсвэрээр хотын шинэ төлөвлөлт, шинэ Улаанбаатарын инженерийн байгууламжийг бий болгохоор Нийслэлийн Ерөнхий архитектор, Хот байгуулалт, хөгжлийн газар зэрэг байгууллагууд эрчимтэй ажиллаж байна. Бидний зүгээс инженерийн байгууламж, дэд бүтэцдээ хөрөнгө босгоод өгчихөөр бусад бүтээн байгуулалтдаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах үндэс суурь тавигдана.
-Та өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайдын хамт БНХАУ-д айлчлаад ирэхдээ тус улс Улаанбаатар хотын томоохон хоёр төслийг дэмжихээ илэрхийлсэн гэдгийг мэдэгдэж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Ерөнхий сайдын айлчлалын үеэр ярьсан ажлууд ажил хэрэг болон хэрэгжиж байгаа. 18.1 км хөнгөн галт тэрэгний зам тавихад 915 сая ам.долларын зардал гарахаар урьдчилсан тооцоо гарсан. Олон улсад энэ хэрийн замыг 1.5 тэрбум орчим ам.доллароор тавьдаг бол бид аль болох бага зардлаар ихийг бүтээхийг зорьж байна. Эргэн төлөгдөх санхүүгийн загварчлал их чухал. Улаанбаатар хотын 10 жилийн хугацааны орлогын төсөөллийг нарийвчлан гаргаж, Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцүүлнэ. Засгийн газрын тухайд ойрын хоёр жилд татварын орлогыг хотод үлдээе гэж шийдсэн шүү дээ. Энэ хугацааг 10 жилээр сунгуулах саналыг өргөн барина. Ер нь бол хот орлогын эх үүсвэрээ багцалж хөрөнгө оруулалт татна.
-Газар дээрх дэд бүтцүүд эргээд нөхөгдөж болох юм. Газар доорх инженерийн дэд бүтцийн ашгийг хэрхэн гаргах вэ?
-Шинэ Улаанбаатар цогц төлөвлөлтөд орчин үеийн хот ямар байх ёстой вэ, тэр зохицуулалтаар явъя гэж төлөвлөж байгаа. Хотыг баруун тийш 10.800 га газарт тэлье гэсэн төлөвлөгөө бий. Үе үеийн Засаг дарга нар ингэж төлөвлөж байсан юм билээ. Туул гол баруун тийшээ саваа дагаад өргөсдөг. Тиймээс хотыг баруун зүгт тэлэх нь зөв шийдэл болно. Ер нь бол 800 мянгаас нэг сая хүн амьдрах шинэ хотын төлөвлөлтийг бид “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2040”-д уялдуулан гаргах, шийдэл гарцаа тодорхойлох хэрэгтэй байгаа.
Одоогийн Улаанбаатар хотын газар доорх инженерийн байгууламжийн 86 хувь нь 30-40-өөс дээш жилийн насжилттай. Тиймээс зөв шийдэлтэй шинэ хотыг байгуулах нь чухал байна.
-Та өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Монголын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай болоод байгаа. Үүнийг өөр шавхагдашгүй нөөц ашиглах байдлаар зохицуулах боломж хэр байгаа гэж харж байна вэ?
-Уул уурхайн эх үүсвэрийн орлого бол манай эдийн засгийн гол тэтгэгч. Үүнийг хэрхэн зарцуулах вэ гэх асуудал ч яригддаг. Оновчтой зохицуулж чаддаггүй. Оновчлол нь ердөөсөө л хот. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнээс эхлээд бүх төрлийн ажлын байруудад инновац, технологийн, бизнесийн үйл ажиллагаа явагддаг. Нэг загварчлал гарсан байдаг юм. Уул уурхайгаа дагасан, мөчлөгөө дагасан, эдийн засгийн зохицуулалтаар явдаг улсын загвар жишээ нь Африк, Монгол гээд.
Гэтэл хөдөлмөрийн бүтээмж дээр суурилсан зах зээлийн эдийн засгийн зохицуулалтаар явдаг улсын загвар жишээ нь Хятад, Америк. Эрх зүй, эдийн засгийн хувьд манай хот улсын ДНБ-ий 70 хувийг үйлдвэрлэж байгаа. Уул уурхайгаас олж буй санхүүгийн эх үүсвэрийг хотын эдийн засаг руу оруулах байдлаар дэмжих хэрэгтэй. 21 аймаг 330 сумын төсвийн хуваарилалт, зохицуулалтаар манай улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирлээ. Төсвийн хуваарилалтаар сум, орон нутаг хөгждөг бол хөгжихөөрөө л нэг болсон байх. Тэгэхээр Монгол Улсын 21 аймаг, 330 сум гэх нэгжийн зохицуулалт нь хэр оновчтой вэ гэдгийг л энэ форум дээр яриасай гэж бодож байна.
-Тэгэхээр энэ удаагийн эдийн засгийн чуулган дээр Улаанбаатар хотын гэхээсээ илүү хөдөөгийн хөгжлийн талаар хөндөж ярихыг та илүүд үзэж байна гэсэн үг үү?
-Тийм. Эдийн засгийн форум дээр хөдөөгийн хөгжлийн асуудлыг маш оновчтойгоор хэлэлцэх ёстой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулаад хотын эдийн засаг руу хөрөнгө мөнгө татах нь тийм хэцүү зүйл биш. 28 их наядын эдийн засагтай хот шүү дээ. Энэ 28 их наядын 60 хувь буюу 15 их наяд нь иргэд, аж ахуй нэгжүүдийн хадгаламж. Улаанбаатар хот 150 мянган аж ахуйн нэгжтэй. Улсын нийт мөнгөний эргэлтийн 86 орчим хувь нь хотод төвлөрч байгаа. Газрын хуулийн зохицуулалтыг дагаад үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, бүтээн байгуулалтын урт хугацааны эх үүсвэрүүдийг босгох бүрэн бүтэц, суурь нь хотод байгаа гэж харж байна.
Тэр мөнгөөр яг юу хийх юм бэ гэж асуух хүн цөөнгүй байх. Шинэ Улаанбаатар гэх тодотголтой, дагуул хоттойгоо уясан шинэ төлөвлөлтийг хийнэ. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад 14 хоногийн өмнө танилцуулсан.
Туул голыг энэ чигээр нь урсгаад байж болохгүй. Туул голоо сувагчлах хэрэгтэй. Тухайлбал, 200 метрийн өргөнтэй, зургаан метрийн гүнтэйгээр хотын төвөөр урсгах. ОХУ-ын буюу хуучин ЗХУ-ын эрдэмтэн, судлаачдын боловсруулсан судалгаагаар гурван боолттойгоор нуур, цөөрөм байгуулна. Дэлхийн томоохон хотуудын дундуур урсдаг урсацтай ижил болгох бүрэн боломж бий. Туул голын дагуух газрыг аль нэг хувийн байгууллагад өгөхгүй, хотын нөөцөд авна. Чөлөөлөлт хийж буй газруудыг бүгдийг нь нийтийн эдэлбэр газар болгоно. Тэр чөлөөлсөн байршилд хэн нэгэн хувийн барилга, байшингаа бариулахгүй.
-Газрын тухай хууль дээр хотын газрыг түрээслэх концепц орж ирсэнгүй гэж шүүмжлээд байгаа. Гэтэл энэ бол маш их хөрөнгө босгож, төсөв бүрдүүлэх боломжтой зүйл шүү дээ.
-Хууль хэлэлцэх эсэхийг УИХ шийдэх байх. Өнгөрсөн долоо хоногт Газрын шинэтгэлийн хорооноос Газрын багц хуулийн төслүүдийг танилцуулсан. Тэндээс Засгийн газрын хуралдаанаар орж, УИХ-д өргөн барих байх. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг байгуулж ийм санал, шүүмжлэлийг тусгах болов уу. Хөгжье, дэвжье гэвэл зарим зүйлсийг зоригтойгоор хийх хэрэгтэй гэж бодож байгаа.
-Дарга нарын түвшинд шинэчлэл, өөрчлөлт яриад байдаг боловч төрийн албан хаагчид дунд шатандаа хөдөлж өгдөггүй гэдэг. Төрийн албан хаагчдын идэвх санаачилга, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнд суртал, авлигыг бууруулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Төрийн албан хаагчид нэгдүгээрт, харилцаа хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Төрд ажиллаж байгаа, төрийн албан хаагчдын хандлага маш чухал. Хүнд суртлыг багасгая гэвэл хандлага, харилцаанаас эхэлнэ. Хүнд үйлчлэхдээ дарга гэхээс илүүтэй дэмжин тусалдаг, хамтардаг нөхөр нь байх, энэ хандлагаас төрийн бүтээмжийн асуудал эхэлнэ гэж боддог. Тэгэхээр хүний нөөцийн тал дээр маш сайн бодлого баримтлах хэрэгтэй. Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх ёстой. Аж ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлээ дэмжихийн тулд төрийн байгууллага, Улаанбаатар хотод ажиллаж байгаа 48 мянган төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс суртахуун, мэдлэг чухал нөлөөтэй.
Хотын дарга ч юм уу бусад удирдаж буй удирдлага, хамт олны зүгээс төрийн бүтээмжийг сайжруулна гээд бодлого гаргаад яриад байдаг. Гэтэл яг дунд шатны гүйцэтгэх албан хаагчид нь хөдөлж өгөхгүй бол хэрэгжилтэд асар их хүндрэл үүсдэг. Төрийн албан хаагчдыг нэг байгууллагад 20 жил ажиллуулах биш, аль болохоор дөрвөн жилийн хугацаатай ч юм уу сэлгэх механизмыг нэвтрүүлэх шаардлагатай юм байна. 10, 20 жил нэг газраа ажиллаад угжирчихсан хүн бол байгууллагадаа аль хэзээний сүлжээ үүсгэчихсэн байдаг. Энийг өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд харлаа. Аль болох төрийн албан хаагчдыг өөр байгууллагууд руу сэлгэх байдлаар ажиллуулж байж дараагийн шатлан дэвших мерит зарчмыг барьж ажиллах ёстой болов уу. Иймэрхүү зүйлсээс л төрийн бүтээмжийн асуудал эхэлнэ гэж бодож байгаа.
-Хүнд суртал, авлигаас ангид цахим системийг нэвтрүүлсэн хот байна гэж та амласан?
-Мэдээж цахим хөгжүүлэлт төрийн бүтээмжийг дээшлүүлэх хамгийн чухал хүчин зүйл. Улаанбаатар хотод барилгын зөвшөөрөл олгоход 44 гарын үсэг зурдаг. Мөн газрын харилцаатай холбоотой зохицуулалт маш их хүнд сурталтай. Эдгээр асуудалд иргэд ихээр бухимдаж, өргөдөл, гомдол илгээдэг. Энэ бүгдийг цэгцлэхийн тулд бид эхний ээлжид 74 зөвшөөрлийн шинжтэй бичиг баримтуудыг цуцалсан. Дахиад өөр ямар хөнгөлөлт, чөлөөлөлт байгааг судлах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн.
Барилгын зөвшөөрөл олгоход тойрч зурдаг 44 гарын үсэгтэй холбоотой ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, 44 гарын үсэг цуглуулах шаардлагагүй болно гэсэн үг. Газрын багц хуульдаа Улаанбаатар хот өөрөө газрын бүсчлэл, татвараа тогтоох, газрын биржийн үйл ажиллагааг явуулах зохицуулалтуудыг тусгаж байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ зохицуулалтууд Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд ч, төрийн бүтээмжийн хувьд ч ил тод, нээлттэй байхаас эхлээд маш олон давуу талыг бий болгоно гэж харж байгаа. Засаглалын реформ, эдийн засгийн реформ, эрх зүйн реформуудыг үе шаттай хийж байна гэж ойлгож болно.
Төрийн бүтээмж дээр цахим хөгжүүлэлтийг хийснээр удаашраад байгаа ажлуудын хурдыг 70 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Ухаалаг зохицуулалтад барилга, газрын харилцаанаас эхлээд авто зогсоол, хотоор орж, гарч байгаа автомашинуудын бүртгэл болоод түүнтэй холбоотой бусад зохицуулалт нэмэгдэнэ. Улаанбаатар хотод 665 мянган тээврийн хэрэгсэл байна гэж нэг бүртгээд, өдөр тутам хөдөлгөөнд оролцож буй нь 460 мянга гэж нэг хэлээд, нарийвчлаад үзэхээр 385 мянга гэдэг. 200 мянгаар гаруйгаар зөрдөг ямар бүртгэл байх вэ дээ. Хотод бүртгэлийн эрх нь байдаггүй учраас нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгүй байгаа.
“Ковид-19” бидэнд F үнэлгээ тавьчихсан. Ялангуяа тэр замын асуудал, зохицуулалт, бүртгэлийн асуудал дээр Улаанбаатар хот F юм байна гэж. Улаанбаатар хот Авто тээврийн үндэсний төвөөс автомашины бүртгэлийн эрхийг авах ёстой. Дугаар олголтыг хот өөрөө хийдэг байх ёстой. Жилд 5000 автомашинд дугаар олгох уу, 10.000 машинд дугаар олгох уу гэдгээ хот батлаад, дугаар олголтыг шилэн, ил тод байдлаар хийх хэрэгтэй. Хоттой холбоотой бүртгэлийн асуудал, төрийн бүтээмжтэй холбоотой асуудал, цаг хугацаа, өртөг, зардлыг шууд болон шууд бусаар хэмнэх зохицуулалтыг хийж байж Улаанбаатар хотын төрийн бүтээмж нэмэгдэнэ.