Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
Тус яамнаас зохион байгуулсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2022.03.17/ боллоо.
Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нээв. Тэрбээр нээж хэлсэн үгэндээ “Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг олон нийтэд хийж байна. Энэ удаагийн зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол агуулга нь хэд хэдэн зүйл дээр оршиж байна. “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван жил болж байна. Энэ хугацаанд найман сая гаруй зөрчлийн хэрэг шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 2,3 сая гаруй хувь хүн, хуулийн этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байгаа юм. Дээрх 8 сая гаруй зөрчлийн 98 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих зөрчил эзэлж байна.
Улаанбаатар хот хамгийн ихдээ 80 мянган авто машинтай байх ерөнхий төлөвлөгөөтэй. Гэтэл өнөөдөр 620 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, улмаар замын хөдөлгөөний дүрэм журмын зөрчил нэмэгдэж байна.
Ялангуяа, аж ахуйн нэгж эсвэл хувь хүн эрүүл ахуй болон бусад стандарт дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд байцаагч нар шууд торгохоос илүүтэй тодорхой хугацааг өгч, гаргасан зөрчил дутагдлыг өөрсдөөр нь арилгуулдаг тогтолцоо руу шилжиж байна. Гэхдээ зарим тохиолдолд огт сануулж болдоггүй зөрчил байна. Тухайлбал, хүний амь, нас эрүүл мэндэд хохирол учруулахуйц төрлийн зөрчлийг сануулах боломжгүй. Шинэчилсэн найруулгаар мөн амьдралд хэрэгжих боломжгүй олон зөрчлийг хасахыг зорилоо.
Монгол Улсад хариуцлагын тогтолцоо ромбо хэлбэртэй байгаа. Энэхүү ромбо дүрсийн цүлхийсэн хэсэг дээр манай улсын төрийн хяналт шалгалтын тогтолцоо оршиж байна. Гэтэл нийт эзэлхүүний хамгийн бага талбай төрийн хяналт шалгалтад оршдог. Харин ромбын дээрх хурц өнцөгт Эрүүгийн хариуцлагын тогтолцоо байна. Тиймээс ч хариуцлагын нэгдсэн тогтолцооны зөв бүтэц систем алдагджээ хэмээн дүгнэхэд хүрч байна” гэдгийг онцлов.
Мөн энэ үеэр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг танилцуулга хийлээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт ба прокурорын хяналтын талаар Улсын ерөнхий прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Эрдэмбилэг, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх төслийн талаар “ IT zone” ХХК-ийн төслийн менежер Б.Төрбат нар танилцуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: “2017 оноос хойш нийт гарсан зөрчлийн 95 орчим хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил эзэлсэн бол нийт оногдсон шийтгэлийн 97 хувь иргэдэд, гурван хувь хуулийн этгээдэд оногдсон байна. Үүнтэй холбоотойгоор хуулийн төсөлд юуг шинэчилж сайжруулах хэрэгтэй талаар үнэлгээ хийсний үндсэн дээр өнөөдрийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
Үүгээр сануулах шийтгэлийг нэмэгдүүллээ. Ингэснээр хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаврыг тайлбарлаж, зөрчлөө арилгах боломжийг нэг удаа олгоно. Хэрэв сануулах шийтгэл удаа дараа гараад байвал дараа дараагийн арга хэмжээг авах болно. Мөн зөрчил үйлдсэн этгээд нь торгууль, шийтгэлээ хугацаандаа төлбөл хоёр дахин хөнгөрүүлэх уян хатан зохицуулалт оруулж байна. Нөгөөтэйгүүр, хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлтийг оруулж, хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан. Өөрчлөлтөөр өмнө нь зөрчилд тооцогдож байсан олон хэргийг зөрчилд тооцохгүй болж байгаа.
Цаашид хурууны хээг зөвхөн төрийн үйлчилгээ авах болон сонгуульд оролцож өөрийгөө таниулах байдлаар ашиглана. Түүнээс биш аль нэг аж ахуйн нэгж албан байгууллага нь хүний хувийн мэдээллийг цуглуулаад байж болохгүй. Энэ цуглуулсан мэдээллийг цааш нь хэнд дамжуулж, яаж байгааг хэн ч мэдэхгүй. Таны хувийн мэдээлэл алдагдсанаар таны өмнөөс сонгууль өгөх эсвэл таныг хэрэгтэн ч болгож болно. Иймд цахим шинэчлэлтийн хүрээнд хурууны хээг ашиглахыг тодорхой хүрээнд зөвшөөрч, зарим хувийн хэвшилд зөвшөөрөхгүй.
Баривчлах шийтгэлийг байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгалаа” гэдгийг хэллээ.
Хэлэлцүүлэгт шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын болон иргэд, аж ахуйн нэгжийн 500 гаруй төлөөлөл, төрийн бус байгууллагууд оролцож, санал шүүмжлэлүүдээ илэрхийллээ.