2022.02.25

Аргал түүж босгосон “Номон Говь”

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Увс аймгийн Зүүнговь сумын сургуульд ажиллаа. Тус сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Д.Уранчимэгийн санаачлагаар “Номон Говь” төсөл хэрэгжсэн байна.

Ангиараа аргал түүж сумын төвийн өрхүүдэд 2,000 төгрөгөөр борлуулж, тараг бүрж зарах гэх мэтээр оролдсоны эцэст 750,000 төгрөгийг тэд цуглуулжээ. Энэ мөнгөөрөө сургуулийнхаа технологийн багштай хамтран, сурагчдын тусламжтай номын тавиур сандлуудыг төсөр аргаар шийдэж хийжээ. Сурагч, багш нар өөрт буй номоо цуглуулж, иргэд, олон нийт ч хандиваар олон ном өгсөн байна.

Тэд 14 хоног бүр шилдэг уншигчаа шалгаруулдаг бөгөөд номын клубын номуудыг гэр рүүгээ авч явах сурагчид өөрсдөө бүртгэлээ хөтлөн тэмдэглэж явдаг. Үүгээр хүүхдүүдийг багаас нь үнэнч занд сургаж буй оролдлого гэж тэд ярьж байна. Мөн 2015 онд Увс аймгийн 90 жилийн ойд зориулан номын сангуудын фондыг арвижуулах Book Challenge аяныг санаачлан зохион байгуулж байжээ.

О.Цогтгэрэл “Хэцүү бэрх гэж зүрхшээлгүй, боломжгүй, гарцгүй гэж хойш суулгүй номын соёлыг сумандаа түгээж, сурагчдаа номонд дурлуулан зүтгэж буй багш нар, сургуулийн удирдлага хамт олон, сурагчид, сумын удирдлага, иргэд, нийт Зүүнговьчууддаа баярлалаа” хэмээв.