Телевизийн олон сувгийг хүлээн авах газрын тоног төхөөрөмжийг суурилуулж эхэллээ
2009.09.30

Телевизийн олон сувгийг хүлээн авах газрын тоног төхөөрөмжийг суурилуулж эхэллээ

Мэдээлэлгүйгээр цагийг өнгөрөөх, мэдээлэлгүйгээр аж төрөх, мэдээлэлгүйгээр амьдрал ахуйгаа хөтлөх гэдэг байж боломгүй болсон үе цагт бид амьдарч буй билээ. Мэдээлэл өөрөө хүний амьдрах орчин болсон энэ цаг үед түүнийг эрх тэгш хүртэх, хүлээх авах нөхцөл бололцоогоор ард иргэдээ тэгш хангах нь нэн тэргүүний зорилт юм гэж үзэн Монгол Улсын Засгийн газраас энэ оны 2 дугаар сард “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийг баталж, түүнийг хэрэгжүүлэх үүргийг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт хүлээлгэсэн юм. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын бүх аймаг, суманд энэхүү телевизийн нэвтрүүлгийн олон сувгийн газрын сүлжээний тоног төхөөрөмж угсрагдах юм.

Өнгөрсөн оныг хүртэл манай улс сансрын хиймэл дагуулаар дамжуулан аналог системийн ганцхан сувгийг жил тутам 1,0 сая орчим ам.долларын төлбөртэйгөөр ашиглаж ирсэн юм. Энэ ганц сувгаа технологийн хувьд шинэчлэн тоон технологид шилжүүлж багтаамжийг нь нэмэгдүүлснээр телевизийн дөрвөн суваг дамжуулах хүчин чадалтай болгон шинэчилж чадсан төдийгүй UBS, TV5, TV9, MN25 телевизүүдийн нэвтрүүлгийг орон даяар цацаж эхэлсэн. Хэдийгээр хиймэл дагуулаар дамжуулан цацах сансрын технологидоо бид дэвшил гаргаж чадсан ч тэндээс ирэх дохиог хүлээн авч үзэгчдэд хүргэх дахин дамжуулах тоног төхөөрөмжөө шинэчлээгүйгээс хөдөө орон нутгийн үзэгчид маань тэр бүр өөрсдийн сонголтоороо сувгаа тохируулан үзэж чадахгүй, зөвхөн сансрын том дугуй царан антеннтай айлууд л үзэх боломжтой байсан билээ.

“Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр энэ байдал эцэс болж, хөдөөгийн малчид, хөдөлмөрчид антенныхаа хүчин чадлаас үл хамааран гэрийнхээ телевизийн дөрвөн сувгийг аль хүссэн дээрээ өөрсдөө тохируулан үзэж, шаардлагатай мэдээ, мэдээллээ хүлээн авч байх боломжтой болох юм.

“Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төсөл энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлж хэрэгжиж байгаа бөгөөд Төслийг Монгол Улсын баруун хязгаар болсон Баян-Өлгий, Увс аймгуудаас эхлэн хэрэгжүүлэхээр боллоо. Эдгээр аймгуудын бүх суманд буюу Баян-Өлгийн 14, Увсын 17, нийт 31 суманд телевизийн нэвтрүүлгийн олон сувгийн газрын сүлжээний тоног төхөөрөмжийг энэ сард багтаан суурилуулж дуусахаар төлөвлөөд байна. Дараа бусад аймгуудыг үргэлжлүүлэн тоноглох бөгөөд энэ ажлыг богино хугацаанд дуусгах зорилт тавиад байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.