Х.Кобаяши: Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно
Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойд зориулсан ёслолын арга хэмжээ өчигдөр Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар их танхимд боллоо. Уг арга хэмжээг Япон Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан юм.
Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлагийн тоглолт, Морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн дүрс бичлэгт илгээлтийг зочдод толилуулав.
Х.Кобаяши: Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно
Эх сурвалж: Японы ЭСЯ
Элчин сайд Х.Кобаяши “Цог Жавхлант Эзэн Хааны 62 насны ойг тэмдэглэхийн хамт хоёрдугаар сарын 24-ний өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо угтаж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийн өнөөг хүртэлх дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө хоёр орны холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно” хэмээв.
Х.Кобаяши: Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно
Эх сурвалж: Японы ЭСЯ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито угсаа залгамжлагч хунтайж байхдаа 2007 онд Монгол Улсад айлчилж, манай улсын түүх, соёл, уламжлалт урлаг, үндэсний их баяр наадмыг сонирхон танилцсанд монголчууд бид нэн таатай байдгаа онцлон тэмдэглэж байна.
50 жилийн хугацаанд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай урагшлан хөгжиж, өнөөдөр Япон Улс манай чухал гуравдагч хөрш, бүс нутаг дахь найдвартай Стратегийн түнш болж, олон улс, бүс нутгийн тавцанд ч нягт хамтран ажиллаж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг идэвхжүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, өндөр технологийг нутагшуулах нь ирэх шинэ зууны харилцааны чухал алхам гэж үзэж байна” гэв.
Ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын зарим гишүүн, үе, үеийн зарим Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, спорт, байгаль орчин аялал жуулчлал, батлан хамгаалах, онцгой байдлын байгууллагын төлөөлөл, ОХУ, АНУ, БНСУ, БНЭУ, Казахстан зэрэг улсын Элчин сайд нар, дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
Энэ үеэр Монголтой харилцаа бүхий Японы орон нутгийн засаг захиргаанаас ирүүлсэн Япон, Монголын харилцааны арга хэмжээний үеийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, хүрэлцэн ирсэн зочдод өнөөг хүртэлх хоёр орны ард түмний харилцаа холбоог эргэн дурсах боломжийг олгосон байв.