Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид туршлага солилцлоо
2022.02.22

Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид туршлага солилцлоо

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Хурлын 2021 оны онцлох ажил, тогтоол шийдвэр, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.


Танилцуулга, мэдээллээс дурдвал, 2021 онд нийслэлийн ИТХ нэгдсэн 16 удаагийн хуралдаанаар 51 тогтоолын төслийг баталжээ. Мөн 31 удаагийн Тэргүүлэгчдийн хуралдааныг хийж 175 тогтоолын төслийг баталсан юм.


Түүнчлэн Нийслэлийн ИТХ-аас болон Хурлын даргын захирамжаар цаг үеийн асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий 30 “Ажлын хэсэг”-ийг төлөөлөгчдөөр ахлуулан байгуулж, санал дүгнэлтийг боловсруулан үр дүнг тооцон ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2370 иргэнийг төлөөлж, 2020-2024 онд сумын ИТХ-д 21 төлөөлөгч ажиллаж байгаа аж.