Р.Дагва: Шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувьд коронавирусээр халдварласан нь батлагдаж байгаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 94 хувьтай биелжээ. 2021 онд нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна
Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19, 20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давлагаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30,054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэлдээ онцоллоо. Өрхийн эмч нар багцын эмчилгээг 3 болон 5 хоногоор өгч байгаа гэлээ. Багцын хувьд хүрэлцээтэй байгаа аж.
2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зорилтот хүн амын 51.8 хувь гуравдугаар тунд, 4.4 хувь нь дөрөвдүгээр тунд хамрагджээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах үүднээс 400 гаруй мэргэшигч эмч болон улаан загалмайн 146 сайн дурын ажилтан ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Нийт шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувьд нь коронавирусээр халдварласан нь батлагдаж байгаа нь халдварын тохиолдол их байгааг харуулж байна. Түүнчлэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад ихээхэн анхаарч байна” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд 12 түр амбулаторийг байгуулж ковид туссан иргэдэд үйлчлэхээр зохион байгуулсны сацуу хувийн хэвшлийн хүүхдийн долоон эмнэлгийг мөн ковидын эмнэлэг болгон ажиллуулж буй юм. Тандалт хариу арга хэмжээнд автомашин бүхий иргэдийг татан оролцуулахад Хотын даргын зүгээс санхүүжилт гарган тусалж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов.