Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч ААН-үүдэд хийсэн хяналт, шалгалтын дүн гарлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч ААН-үүдэд /2022.01.06-13/-нд хяналт, шалгалт хийсэн юм. Хяналт, шалгалтын үр дүнг олон нийтэд танилцуулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус газраас мэдээлэл өглөө.
Иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард эрхлэгчдийн үйл ажиллагаанд Коронавируст халдвар "Ковид-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилгоор тус шалгалтыг хийсэн байна.
Хяналт, шалгалтад нийт 16 барьцаалан зээлдүүлэх газар хамрагдсанаас 2 аж ахуйн нэгж буюу 12,5% нь хуулийн хэрэгжилтийг хангасан аж. Үлдсэн 14 ААН буюу 87,5% хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэх дүгнэлт гарчээ.
Зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчдэд хуулийг хэрэгжүүлж ажиллах хугацаатай Албан шаардлага өгчээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн бүртгэлийн чиглэлээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг хасуулах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм. Мөн тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Улсын байцаагчийн Албан шаардлага, зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.