Д.Баярсайхан:

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг илүү сайжруулах хэрэгцээ бий


9 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Д.Баярсайхан: Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг илүү сайжруулах хэрэгцээ бий

Монголын хөрөнгийн зах зээлийн шинэ зохицуулалт, үр өгөөжийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

Монголын Хөрөнгийн зах зээл дээр шинээр ямар зохицуулалт хийгдэж байна вэ?

Өнгөрсөн жилүүдэд орхигдоод байсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг боловсруулж баталлаа. Ингэснээр  Монгол Улсад анх удаа үнэт цаас гаргагч компаниудаас арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаасны бүртгэлийн шалгуурыг хангахгүйгээр биржийн бус зах зээлд түргэвчилсэн, шуурхай байдлаар компанийн өрийн хэрэгслийг гаргаж, эрсдэл даах чадвартай, санхүүгийн мэдлэгтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татах боломжтой эрх зүйн зохицуулалтын орчинг бүрдүүлж өглөө. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос биржийн бус үнэт цаас арилжааны платформыг нэвтрүүлснээр хувийн хэвшлээс банкны зээлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болох компанийн бондыг амжилттай гаргаж эхлээд байна.

Мөн “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д гарааны компани биржийн бус зах зээлд хэрхэн олон нийтэд хувьцаагаа санал болгохтой холбоотой зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийг тусгаж, хорооны ээлжит хуралдаанаар сая  шийдвэрлэлээ. Гарааны компани санхүүгийн эх үүсвэр босгох харилцааг ийнхүү биржийн бус зах зээлд оруулж өгснөөр санхүүжилтийн эх үүсвэр босгох цаг хугацаа, өртөг зардлыг хэмнэхээс гадна одоогийн биржийн бус зах зээлийн бэлэн программ хангамж, хөрөнгө оруулагчдын цогц системийг ашиглаж эх үүсвэр татах ажиллагааг хялбаршуулах боломж бүрдэнэ.  

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх мөн хуулийн нэгдүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална” гэж заасны дагуу боловсруулж баталлаа. Цаашилбал, “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын төслийг боловсруулаад мөн Хорооны ээлжит хуралдаанаар сая батлахыг зөвшөөрлөө.  

Дээр нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, олон улсын жишигт нийцүүлэн анхдагч зах зээлд үнэт цаас санал болгох, худалдах ажиллагааг андеррайтерийн компаниар дамжуулан зохион байгуулах, үнэт цаасны зах зээлд оролцогчдод мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг чадавхижуулахаар “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг Хорооны хуралдаанаар батлаад, шинэ зохицуулалтын харилцаа энэ сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  

Харин одоо хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэх хүрээнд салбарын гол хуулиуд болох Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт болон шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийг тусгаж, нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төслийг УИХ-ын намрын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

Хийж байгаа зохицуулалтуудын үр дүнд ямар өсөлт хөгжил бий болж байгаа вэ?

Халдварт цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашилбал дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар буурахад хүргэсэн хүндхэн цаг үе тулгарсан. Гэхдээ манай хамт олон зохих арга хэмжээг шуурхай авч ажилласнаар нэлээдгүй ахиц үзүүллээ. Жишээлбэл, хөрөнгийн зах зээлд хувийн хэвшлээс компанийн бонд, анхны арилжааны зориулалттай хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/, биржээр арилжаалагддаг хамтын ХОС зэрэг шинэ бүтээгдэхүүнийг гаргах замаар олон нийт, хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилт татах нь ихэсч, улмаар хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.6 дахин өсч, өнгөрсөн 8 сард зах зээлийн үнэлгээ 4.0 их наяд төгрөгт хүрсэн бол 9 сард Хөрөнгийн бирж дээрх зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн түүхэнд хамгийн дээд түвшинд буюу 5.0 их наяд төгрөгт хүрлээ.

Энэ бүхэн Хороо цар тахлын үед болон түүнээс хойших хугацаанд хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хэвээр хадгалах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалт мөн хувийн хэвшилтэй хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолмоор байна.

Үүний зэрэгцээ Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, банкны системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болоход бодлогын түвшинд дэмжих зорилгоор холбогдох эрх зүйн зохицуулалтын орчинг тодорхой болгох, шаардлагатай дүрэм, журмыг баталж мөрдүүлэх ажиллагааг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Хороо  11 банкны төлөвлөгөөг бүрэн хянаж, Монголбанкинд холбогдох мэдээллийг хүргүүлсэн. Харин  1 банкны төлөвлөгөө шаардлага бүрэн хангаагүй тул нэмэлт баримт бичгийг ирүүлэхийг шаардсан.

Дээрх банкуудаас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу банкны системд нөлөө бүхий 5 банк, мөн системийн бус нэг банк олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгох замаар нээлттэй хувьцаат компани болох ба дотоодын хөрөнгийн зах зээлээс нийт 620 тэрбум төгрөгийгтатан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.6 их наяд төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гараад байна. Эдгээр банк ирэх оны 6 дугаар сард багтан нээлттэй хувьцаат компани болсноор Монгол Улсад нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрнэ гэсэн өндөр хүлээлт зах зээлд оролцогчдын дунд байна.

Сүүлийн үед технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ маш хурдтай өсөж байна. Энэ тал дээр танайхаас ямар зохицуулалт байна вэ?

-1/ Санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес загварыг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх, сэндбокс зохицуулалтын орчинг бүрдүүлэх хүрээнд “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ыг баталсан.  

2/ Сүүлийн үед дотоодын зах зээлд хурдацтай шинээр бий болж буй “крипто ассет” /Crypto asset/-тай холбоотой эрх зүйн зохицуулалт манайд бүрдээгүй нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид тавигдах хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэн хариуцах, маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхойгүй байдалд хүргэх, цаашлаад гэмт хэрэгтэн, террористуудад мөнгө угаах, эсвэл өөрсдийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх арга замуудыг бий болгох сөрөг үр дагавар дагуулж байна.

Олон улсын жишгээс харахад ихэнх хөгжингүй оронд “крипто ассет”-ын талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах эсвэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зохицуулалтын орчныг тодорхой болгож, хуулийн сул талыг ашиглахыг бууруулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах зэрэг шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. 

Харин манайд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор дээрх шинэ санхүүгийн бүтээгдэхүүнийг зохицуулаагүй тул дотоодын зах зээлд оролцогчид болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын дунд зарим талаар буруу ойлголт, төөрөгдөл үүсгэхээр байна. Үүнтэй холбогдуулж  “крипто ассет”-ын талаар тодорхой бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, одоогийн зохицуулалт, хяналт, шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна.

Мөн ФАТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт зөвлөмжид тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгөд” нэгэн адил үйлчлэхээр тогтоосон. Хэдийгээр Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа.

Иймд ХЗДХЯ, Хороо, Монголбанк хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төсөлд виртуал хөрөнгө, хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, тэдгээрт тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналтын механизмыг бий болгож, тэдгээрийг гүйцэтгэх субьектыг Санхүүгийн зохицуулах хороо байхаар тодорхойлж, түүний эрх, үүргийн талаар тусгасан.

Өнгөрсөн жилүүдэд батлагдсан хөрөнгийн зах зээл, үнэт цаастай холбоотой хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэх журам хичнээн гарсан бэ? 

“Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-аас гадна гадаадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад үнэт цаасаа давхар бүртгүүлж, хөрөнгийн зах зээлд чанартай шинэ бүтээгдэхүүн гарах, хадгаламжийн бичиг гаргах дараалал, үе шатыг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй компани гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх тухай журам”, “Хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.   

Санхүүгийн зохицуулах хорооноос журам, хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ? 

Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд банкуудын төлөвлөгөөг хянаж үзэх ажиллагааг Монголбанктай хамтран хэрэгжүүлж, төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой талаар холбогдох мэдээллийг нэр бүхий банкуудад хүргүүлсэн. Мөн банкны реформтой холбоотой хоёрдахь журам буюу “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ыг Хорооны ээлжит хуралдаанаар сая хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Мөн “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-тай холбоотойгоор үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болох үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага, үнэт цаасны клирингийн төв, арилжаа эрхлэх байгууллагуудад журамд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулж, өөрчилсөн журмыг Хороогоор батламжлуулах үүрэг өгсөн. Энэ дагуу Хөрөнгийн бирж, “Үнэт цаасны бирж” ХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас ирүүлсэн журмуудыг хянаж үзээд Хорооноос саналаа хүргүүлсэн. 

Хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Түүнчлэн үнэт цаасны арилжаа ч өсч, иргэдийн энэ салбарт ажиллах сонирхол нэмэгдсэн байна. Үүнийг Та юутай холбон тайлбарлах вэ?

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, дэд бүтцийн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, биржийн бус зах зээлийн орчинг бүрдүүлэх, гадаад хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг дотоодын биржид давхар бүртгүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэнд хамгийн дээд түвшинд буюу 5.0 их наяд төгрөгт хүрсэн талаар түрүүн хэлсэн. Энэ өсөлтөд цөөн тооны хувьцаат компаниудын үнэлгээнээс илүүтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сэргэж, арилжаанд оролцох идэвх нэмэгдэж, бүртгэлтэй хувьцаат компанийн нийт үнэлгээ өссөнийг онцлох нь зүйтэй. 

Мөн үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-аас гаргасан бодлогын зөвлөмжийн хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлд олон улсын нийтлэг жишиг болох Т+2/DvP төлбөрийн эсрэг нийлүүлэлт загварыг амжилттай нэвтрүүллээ. Зах зээлд шинэ бүтээгдэхүүний тоог өсгөх хүрээнд үнэт цаас гаргагч, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүллээ. Ингэснээр сүүлийн 2 жилд биржээр арилжаалдаг “Үндэсний хувьчлалын сан” ХОС болон “Мандал ирээдүйн өсөлт” ХОС хамтын хаалттай сангууд бүртгэгдэж, анхны түрээслээд өмчлөх 87.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснаас гадна төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2.0 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг үе шаттайгаар гаргаж эхэлсэн.

Цаашид ч бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтын өөрчлөлтийг оруулах, аж ахуйн нэгжүүдээс дотоодын зах зээлд олон нийтэд санал болгон үнэт цаас гаргах /IPO/, хөрөнгө оруулагчдын ханшийн зөрүүнээс олсон ашиг /capital gain/ болон ногдол ашгийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх замаар татварын бааз суурийг бэхжүүлэх, мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг биржээр дамжуулан зохион байгуулж, төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани буюу нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллана.

Санхүүгийн зах зээл бүхэлдээ том салбар тэр дундаас банкны салбар энэ зах зээлийнхээ дийлэнх хувийг эзэлдэг. Бусад салбарыг жигд хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

УИХ-аас 2005 онд баталсан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиар олгосон эрхийн хүрээнд санхүүгийн салбарыг зохицуулах, холбогдох дүрэм, журмыг батлан мөрдүүлэхийн зэрэгцээ салбарын оролцогчдын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар хорооны зохицуулалтад хөрөнгийн зах зээл, даатгалын салбар, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл гэсэн нийт 6 салбар хамрагдаж байгаа бөгөөд энэ оны хагас жилийн байдлаар нийт 3912 зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл болон бүртгэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн зохицуулалтад хамрагддаг салбар тус бүрээр төрийн зохицуулагч байгууллагаас авч хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлж, санхүүгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөөг жил болгон батлан мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.