Бодлогын байнгын хороод байгуулна
2009.07.20

Бодлогын байнгын хороод байгуулна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, С.Бямбацогт, Я.Батсуурь, Д.Оюунхорол, Н.Ганбямба, О.Чулуунбат нарын 16 гишүүн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулиудын төслийг санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Хууль санаачлагчид УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хүрээнд Үндсэн хуулийн ойлголт болсон гишүүний мандатын эрхийг хуульчлан баталгаажуулж, гишүүний мандатын эрх болон бүрэн эрхийг салган зааглах, олон улсын жишгээр халдашгүй байдлыг мандатын эрхэд хамааруулах чиглэлээр шинэ зохицуулалт хийхээр төсөлдөө тусгажээ. Мөн УИХ-ын орчинд мандатын эрхийн зарчмыг бэхжүүлэхийн тулд мандатын эрхэд суурилсан гишүүдийн ялгамжгүй байдлын баталгааг эрх зүйн болон эдийн засгийн хүрээнд бүрдүүлж, гишүүний төсөв, урамшуулал, ажлын албаны зарчмыг шинэчлэн тогтоохоор тусгасан байна.
Харин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын байнгын хороог Өргөдлийн болон Бодлогын гэсэн хоёр төрөлтэй байхаар тусгажээ. Энэ үүднээс иргэдээс УИХ-ын гишүүдэд хандаж ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх асуудал эрхэлсэн Өргөдлийн, Засгийн газрын бодлогын чиглэлтэй уялдсан хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр Бодлогын байнгын хороод байгуулж, Бодлогын байнгын хороонд сонсгол хийх эрх зүйн үндсийг тогтоох юм байна. Түүнчлэн сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, төрийн байгууллагын хууль бус, удирдлагын буруутай үйл ажиллагаа, төрийн өндөр албан тушаалтнуудын хууль болон ёс зүй зөрчсөн үйлдлийг хянан шалгаж, байцаан шинжих үүрэгтэй Байцаан шинжих түр хороог шинээр байгуулахаар тусгажээ.

Мөн УИХ дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтын эрх зүйн үндсийг тодотгож, парламент дахь олонхи, цөөнхийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгаснаа хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.