Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2021.09.27

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа.

Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцов.

Энэ үеэр дүүргийнхээ ЗДТГ-ын дотоод болон харьяа хэлтэс албадын удирдлагуудад “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Өвөлжилтийн бэлтгэл байдлыг сайтар хангах шаардлагатайг зөвлөлөө. Мөн дараах хэд, хэдэн үүргийг нийт байгууллагуудад өглөө.

- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Covid-19” халдвараас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, анги танхимын агаар сэлгэлтийг тогтмолжуулж, суралцагчдын бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч ажиллах

- Сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах

- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх

- Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, гэр хорооллын айл, өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг зохион байгуулах

- Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавьж ажиллах

- Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах үүргийг өглөө.