Бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх талаар бодлогоo танилцууллаа
2021.09.24

Бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэх талаар бодлогоo танилцууллаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар хувийн эрх зүйн шинэтгэл, бизнесийн орчинтой холбоотой хуулиудын шинэчлэлийн асуудлаар уулзалт хийв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус яамны зүгээс хувийн эрх зүйн шинэтгэлийн асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд бизнесийн холбогдолтой хуулийн төслийг боловсруулах эхний шатанд бизнес эрхлэгчдийн санаа бодлыг авч тусгаж явах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлон хэлж, одоо ажиллаж байгаа зарим гол хуулиудын төслийн явц, баримталж байгаа байр суурийнхаа талаар мэдээлэл өгөв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин эдийн засаг бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад танхимын зүгээс бүрэн дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд цар тахлын хүнд үед эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага, хууль эрх зүйн тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо хуваалцав. Мөн бизнесийнхэн тус тусын салбарын нийтлэг эрх ашгийн төлөө зөв зохион байгуулалтад орж ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдгийг энд онцоллоо.

Уулзалтаар эдийн засгийг эрчимжүүлэхэд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцов. Бизнестэй холбоотой хуулийн шинэчлэлийг хийх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж хамтран ажиллах, УИХ-аар хэлэлцэхээр дэмжигдсэн 10 гаруй хуулийн төслүүдээр ойрын үед уулзалт хэлэлцүүлгүүд зохион байгуулахаар боллоо.

Уулзалтад ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, МҮХАҮТ-ын дэргэдэх МОУА-ын Ажлын албаны дарга М.Шинэбаяр, МҮХАҮТ-ын БСГ-ын дарга Ж.Оюунчимэг нар оролцов.