Үнэн зөв, оновчтой шийдвэр гаргахад судалгаа чухал
АНУ-ын Конгрессийн Ардчиллыг дэмжих комиссын шугамаар манай оронд айлчилж байгаа АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, төлөөлөгчдийн тэргүүн ноён Дэвид Прайс тэргүүтэй төлөөлөгчид “Парламентын судалгаа, шинжилгээний ач холбогдол” сэдвээр УИХ-ын гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн ажилтнуудтай өнөөдөр уулзаж ярилцав.
УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн дарга Ц.Норовдондог 1990 оноос хойш монголын парламентын дэргэд ажиллаж байсан судалгааны төвүүдийн товч түүх, 2009 оны эхнээс шинэ бүтэц , зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа эхлээд байгаа судалгааны төвийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, судалгааны ажилтнуудын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах болон бусад орны туршлага судлах, мэдээлэл солилцох талаар хөндөж ярилаа.
Мөн төвийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас АНУ-ын Конгрессийн судалгааны алба болон ялангуяа хатагтай Шэрри Шапиро ихээхэн дэмжиж хамтран ажиллаж байгаад талархалтай байгаагаа тус төвийн дарга онцолж, цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын Тамгын газрын Судалгааны шинжилгээ, олон нийттэй харилцах төв байгуулагдаад удаагүй, шинэлэг хэдий ч тэдний өмнө том зорилт, зорилго байгааг УИХ-ын гишүүд хэлсэн. Тус төвийг анх байгуулагдахад онцын шаардлагагүй хэмээн хүлээн авч байсан гишүүд цөөнгүй байсан хэдий ч өнөөдөр мэргэжлийн судлаачдын бэлтгэсэн материал, баримтуудыг хүлээдэг, тодорхой хуулийн төсөл, сэдэв дээр ажиллахад бусад орны туршлагыг харьцуулах, үнэн бодит мэдээлэлд тулгуурлахад тэдний мэдээ, мэдээлэл, хийсэн судалгаа үр дүнгээ өгч, төвийн талаар эерэг ойлголттой болж байгааг гишүүд тэмдэглээд, цаашид тус төвийг өргөжүүлэх, мэргэжлийн туршлагатай боловсон хүчнээр бэхжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана гэлээ.
Төлөөлөгчийн тэргүүн ноён Дэвид Прайс танай судалгааны төв байгуулагдсан цагаас хойш маш олон зүйл хийж,гүйцэтгэснийг сонсоход сэтгэл нэн ханамжтай байна. АНУ-ын Конгрессийн гишүүд сонгосон асуудлаараа судалгааны албанд хандаж асуулт тавьж, зөвлөгөө авдаг. Гишүүд тодорхой, үнэн зөв, итгэж болохоор, үгүйсгэх аргагүй бодит мэдээлэл авах ёстой. Бидэнд судалгааны албанаас гаргасан мэдээлэл маш чухал байдаг гэлээ. Мөн парламент нарийн түвэгтэй олон асуудлаар хууль хэлэлцэж баталдаг. Тэдгээр асуудалд нухацтай хандахын тулд хууль хэлэлцэхийн өмнө судалгааны албанд эртнээс хандаж хамтран ажилладаг. Судалгааны ажлыг аль болохоор эрт эхлүүлж, тодорхой асуудалд аль нь муу, аль нь сайн байгааг ойлгож мэдэх, асуудлыг оновчтой шийдэх, хамгийн бодитой, зөв, цаг үеэ олсон, аль нэг талыг баримтлаагүй шийдвэр гаргахад судалгаа маш их тусалдаг хэмээн уулзалтад оролцсон Конгрессын гишүүд ярилаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтээс мэдээлэв.