Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно
2009.06.10

Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн их суудлын хуралдаанаараа Монгол Улсын их хурлын тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлээд тогтоол гаргасан байна.

Тогтоолоор 2006 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, нэгдсэн дүгнэлт гарган зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны “...санал нэгдсэн дүгнэлт гарган...” гэсэн нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “...санал нэгдсэн дүгнэлт гарган...” гэснийг хүчингүй болгосон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.