Шинэ ерөнхийлөгч Чингэсийн хөшөөний өмнө гарч ирж үг хэлнэ
2009.06.09

Шинэ ерөнхийлөгч Чингэсийн хөшөөний өмнө гарч ирж үг хэлнэ

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөхөд 9 хоног үлдээд байна. Өчигдөр
УИХ-аас ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Хуралдаанд Ц.Элбэгдорж оролцсон байна.

Шинэ ерөнхийлөгч тангаргаа талбай дээр өргөх үү?, тангараг өргөхдөө ямар хувцас өмсөх бэ? дээл өмсөх үү, үгүй юу гээд олон асуулт олны дунд байгаа билээ.

Ямар ч гэсэн тангараг өргөх ёслол батлагдсан хууль дүрмийн хүрээнд болох учир өмнөх ёслолуудаас гоц гойд зүйлгүй болох гэнэ. Уламжлал ёсоор Ерөнхийлөгч "Соёмбо" танхимд, хуулийн дагуу УИХ-д тангаргаа өргөх ажээ. Харин тангаргаа өргөснийхөө дараа шинэ ерөнхийлөгч маань Чингэсийн хөшөөний өмнө гарч ирж иргэддээ хандаж үг хэлэх юм байна.

18-ны өдөртөө талбай дээр урлаг соёлынхон оролцсон хүндэтгэлийн тоглолт болж, харин маргааш нь буюу 19-нд Бөхийн өргөөнд Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан мөн Сүхбаатарын талбай дээр Зэвсэгт хүчний бүх төлөөлөл оролцсон цэргийн парадтай юм байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Ц.Элбэгдорж өмнөх ерөнхийлөгчдийн адил уламжлал ёсоор үндэсний дээлээ өмсөх ажээ. Харин Чингэсийн хөшөөний өмнө гарч ирэхдээ өөр хувцастай гарч ирэх бололтой. Одоогоор тангараг өргөх ёслолд гадны улсуудын хэдэн зочид, төлөөлөгчид оролцох, ёслолын арга хэмжээнд зориулан хичнээн төгрөгийн төсөв гарах зэрэг нь нарийн гараагүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.