Засгийн газар төсвийн байгууллагын удирдлагуудыг төрийн үйлчилгээний албанд үлдээх саналтай байна
2009.05.26

Засгийн газар төсвийн байгууллагын удирдлагуудыг төрийн үйлчилгээний албанд үлдээх саналтай байна

Төрийн албаны тухай хуульд өнгөрсөн оны тавдугаар сард орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/ нарыг төрийн үйлчилгээний албан хаагчаас төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байхаар хуульчилсан юм.

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс Төрийн албаны зөвлөлөөс "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" төсөл боловсруулан Засгийн газарт өргөн барьж, эдгээр ерөнхий менежерүүдийг УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад нэгдсэн журмаар оруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.


Гэвч Засгийн газар төсвийн байгууллагын дарга, захирал нарын албан тушаалын ангиллыг солих зайлшгүй шаардлага, үндэслэл, санхүүгийн болон үйл ажиллагааны хэтийн төлөв, тооцоо судалгаа тодорхой бус, хэрэгжилтийг зохион байгуулах механизм бүрдээгүй, дагалдаж өөрчлөгдөх хуулиудыг бүрэн өөрчлөөгүй зэргээс үүдэж хуулийг хэрэгжүүлэх нийгмийн орчин нөхцөл бүрдээгүй байна гэж үзээд эдгээр албан тушаалтнуудыг төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хэвээр үлдээх хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр өргөн барилаа.


Сургууль, цэцэрлэг, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллагын захирал, дарга, эрхлэгчид нь төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн дагуу иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг үндсэн үүрэг хүлээдэг онцлогтой.

Одоогоор үндсэн ажлаа хийж буй эдгээр ажилтнуудын дийлэнх нь зохих шатны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүмүүс байгаа учраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зохицуулалт бүрдээгүй, тодорхой бус байхад ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа олон хүнийг ангилал, зэрэглэлийг нь өөрчлөх нэрээр үргүй зардал, цаг гаргаж бужигнуулах нь зохисгүй юм гэсэн гомдол, санал ч их ирж байгаа аж.

Түүнчлэн тэднийг төрийн захиргааны ангилалд хамруулж, мэргэшлийн шалгалтыг нээлттэй зарлан тэнцсэн иргэнийг тухайн төсөвт байгууллагын дарга, захирал, эрхлэгчээр томилох тохиолдолд боловсрол, соёл, урлагийн байгууллагыг удирдах ажилтны мэргэжлийн онцлог алдагдах төдийгүй мэргэжлийн бус хүмүүс олноор томилогдож болзошгүй гэж Засгийн газар болгоомжилж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэдий ч төсвийн байгууллагын дарга, захирал нарын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг баталсан Засгийн газрын шийдвэрүүд ч шинэчлэгдээгүй байгаа юм.


Тодруулга: Эдгээр албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдсөнөөр улсын төсвөөс санхүүждэг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн 679 эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн 613, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд, их сургуулийн 150 захирал, соёлын төв, музей, номын сан, театр, чуулгын 434, эрдэм шинжилгээний 48 байгууллагын дарга, сумын эмнэлгийн 288, сум дундын эмнэлгийн 35, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн таван эрхлэгч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн 22 дарга, бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн гурван захирал, улсын клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн 15 дарга, захирал төрийн үйлчилгээнээс төрийн захиргааны албан тушаалд шилжихээр байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.