Ашигт малтмалаас цацраг идэвхт ашигт малтмалыг тусгаарлах нь зүйтэй
2009.05.12

Ашигт малтмалаас цацраг идэвхт ашигт малтмалыг тусгаарлах нь зүйтэй

Засгийн газар цаашид цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг өсгөн олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх стратегийн зорилт, үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийн үндсийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж, “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ын төслийг уг бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийн хамт боловсруулсныг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төсөлд цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, хүний нөөц, эрх зүйн орчин, салбарын удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлыг тусгажээ. Энэхүү бодлогыг 2009-2012, 2013-2021 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа агаад эхний шатанд хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжих бүх талын нөхцөлийг хангах бол дараагийн шатанд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах дөрвөн их наяд 394 тэрбум 169 сая төгрөгийн 98 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдэхээр төсөлд тусгасан байна.
Энэхүү бодлого, хөтөлбөрийн төсөлтэй уялдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил, онцгой дэглэм шаардсан үйл ажиллагаа тул цаашид Ашигт малтмалын тухай хуулийн үйлчлэх хүрээнээс цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг тусгаарлах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж, эл хуулийн төслийг боловсруулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.