Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгохыг хүслээ
Алтайнхан БНХАУ-д хүдэр экспортлож эхэлжээ Говь-Алтайд ихэр ботго мэндэлжээ.
Монголчууд эртнээс төр засаг төвшин байна хэмээн ихэр ботго мэндлэхэд бэлгэшээдэг. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотод иргэд, сонгогчидтой уулзалт хийхээр ирэхэд нэр дэвшигчийг алтайнхан ихэр ботгоныхоо зурагтай угтлаа. Тэд улс төрийн идэвх өндөртэй хүмүүс юм. Ерөнхийлөгчийг ирэх сургаар төв талбайдаа 2000 гаруй хүн цугласан гэсэн мэдээлэл өгөв.
Төрийн тэргүүн гоё үгээр бие биенээ хуурахгүй, гоё ажлаар өөрсдийгөө болон улс орноо хөгжүүлж эдийн засгийн эрх чөлөөнд хүрэхийг уриалсан юм. Түүний дараагаар хууль хэрэгждэггүй муу жишиг Монгол Улсад нүүрлэж хаана, хаанаа хариуцлагагүй байгааг шүүмжиллээ. Хэрэв Монголчууд ийм байдлаар 10 гаруй жил болбол улс, үндэстэн орших уу, үгүй юу гэдэгт хүрнэ гэдгийг сануулсан.
Эдийн засгийн эрх чөлөөг төрийнхөө дэмжлэгтэйгээр иргэн хүн өөрөө л олж авдаг. Тиймээс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 15 мянган ам.долларт хүргэх мөрийн хөтөлбөрийнхөө зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө сонгогчидтой хамтран ажиллана гэв.
Алтайнхан төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчийг ирэхээс өмнө асуудлуудаа бэлдээд тавьчихсан байв. Алтай хот болон аймгийн 14 сум Улаанбоомын усан цахилгаан станцаас эрчим хүчний хэрэглээгээ хангадаг байжээ. Гэтэл усны төвшин багассанаас станц хэвийн хэмжээнд ажиллах боломжгүй болсон байна. Одоо аймгийн төвийн гэр хороолол эрчим хүчний хязгаарлалттай, ихэнх сумд өдөрт дизель станцаар хэдхэн цаг л цахилгаан хэрэглэж байгаа аж. Иймд төвийн эрчим хүчинд холбож өгөхийг хамгийн эхэнд дурдав.
Баянхонгор-Алтайн чиглэлийн хатуу хучилттай зам барих, Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийг урд хөршид экспортлох болсонтой холбогдуулан Бургастайн хилийн боомтыг байнгын ажиллагаатай болгож өгөх зэрэг хүсэлтийг танилцуулаад аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн даргын гарын үсэгтэй албан ёсны бичгийг Ерөнхийлөгчид гардуулсан юм.
Газар нутгаа сэндийчэж буй нинжа, 1200 гаруй оюутантай Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийн дотуур байрны асуудал, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээлийн тухай хүсэлтээ Алтайнхан тавьсан. Ерөнхийлөгчтэй хамт Говь-Алтайд ажиллаж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “ Алтай нутгийнхны амар амгаланг айлтгая. Би аз завшаантай томилолтод явж байна.Ерөнхийлөгч, нэр дэвшигч Н.Энхбаярыг очсон газар бүрт нь халуун дотноор хүлээн авч амжилт хүсэж байна. Би танай нутгийн хүргэн. Манай хадам аав, ээж Ерөнхийлөгч Н.Энхбаярын улаан фэн нь байгаа юм. Эдийн засгийн хямралтай, эгзэгтэй байгаа энэ үед төрийн тогтвортой байдал чухал.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох нь улс орны тусгаар тогтнол, эв нэгдэл, хөгжил дэвшилтэй холбогдсон нандин сонголт шүү” хэмээв. Энэ үгээр Ерөнхийлөгчийн Алтайнхантай хийсэн уулзалт өндөрлөсөн ч Төрийн тэргүүнтэй дурсгалын зураг татуулах хүсэлтэй иргэд хуваарьт ажлыг өөрчилж, Н.Энхбаярыг хагас цаг уяж дөнгөсөн юм.